Ипотекийн 5 хувийн зээл өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

2016 оны 03 сарын 15

Өнөөдрөөс эхлэн Засгийн газар эхний ээлжинд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан, хотын захын буюу алслагдсан дүүрэг, 21 аймгийн хэмжээнд иргэддээ жилийн таван хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжийг олгож эхлээд байна. Тодруулбал, Монголбанкны холбогдох албаныхан арилжааны банкны зээл хариуцсан ажилтнуудтай уулзаж, 5 болон 8 хувийн хөтөлбөрийн зээлүүдийн талаар тодорхой мэдээллийг өгсөн байна. Улмаар өнөөдрөөс эхлэн хөтөлбөрийг эхлүүлэх үүргийг өгсөн аж. Үүний дагуу банкууд зээл авах иргэдийн хүсэлтийг хүлээн авч эхэлжээ. 

Ипотекийн зээлийн хүүг таван хувьд шилжүүлснээр Улаанбаатар хотод 18,450 айл өрх найман хувийн зээлээс шилжин орох боломжтой болох юм.

Уг журамд зааснаар эхний ээлжинд: 

  • Шинэ суурьшлын бүс,
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс,  
  • Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг,
  • 21 аймгийн нутагт дэвсгэрт баригдсан орон сууцнаас худалдан авсан тохиолдолд таван хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой юм байна. 

Харин УИХ-ын дарга З.Энхболд “Инфляци нам төвшинд орж ирсэн учраас ипотекийн зээлийн хүүг таван хувь руу буулгах бололцоо бүрдсэн. Гэхдээ ипотекийн таван хувийн зээлийг олгохдоо тодорхой шалгуур тавина. Үүнд барилгын материалаа дотоодын үйлдвэрээсээ авсан, монгол хүмүүсээ ажлын байраар хангаж ажиллан орон сууц барьсан компанид олгогдоно” гэжээ.

Үүнээс гадна орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулах боломжгүй гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хэллээ. Гэхдээ 30 хувийн урьдчилгааны 10 хувийг төрөөс даах шийдэл бас бий гэсэн. Энэ тохиолдолд улсын төсвөөс 20 тэрбум төгрөг шаардах юм байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД