Владимир Кувшинов: Бид байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж чадахгүй ч хор уршгийг бууруулж чадна

2016 оны 02 сарын 29

ОУИХБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Владимир Кувшинов мэндчилгээ ирүүлжээ. 

Уг мэндчилгээнд, өнөө үед байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн гамшигтай тэмцэх нь шинжлэх ухаан, технологийн салбарт тулгамдаж буй хамгийн том сорилтуудын нэг болоод байна. Хэрэв шинжлэх ухаан, технологийг зохистойгоор ашиглаж чадвал гамшгийн эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой. Бид газар хөдлөлт, хар салхинаас урьдчилан сэргийлж чадахгүй ч эдгээрийн хор уршгийг бууруулж чадна.

Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага (ОУИХБ) нь гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх шинэ мэдээллийн технологийн хэрэглээг цаг үргэлж дэмжиж ирсэн. Иймээс энэ жил Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг “Иргэний хамгаалалт ба мэдээллийн шинэ технологиуд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

Бид одоо иргэний хамгаалалтын салбарт мэдээллийн технологийг оролцуулан мэргэжлийн ажиллах хүчийг илүү сайн бэлтгэхэд туслах орчин үеийн, шинэ механизмыг боловсруулах үе шатанд явж байна.

Орчин үеийн шинжлэх ухаан, технологигүйгээр байгалийн гамшгаас хараат бус аюулгүй дэлхийг бий болгох боломжгүй. Байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүсэлтэй гамшиг ослоос зайлсхийх, эрсдэлийг бууруулах боломжийг бий болгосон шинжлэх ухаан, технологийн ололт амжилтуудад талархах нь зүйтэй.  Гамшгийн эрсдэлийг бууруулах ололт амжилтад бид хүрч чадсан. Одоо хийх цаг нь болсон.

Энэ жил Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын 85 жилийн ой тохиож байна. Манай байгууллага нь анх 1931 онд Женевийн бүсийн нийгэмлэг нэртэйгээр байгуулагдаж байсан хэдий ч одоо ОУИХБ болтлоо өргөжин, том, нэгдсэн гэр бүлийг бий болгожээ.

Миний бие Олон улсын иргэний хамгаалалтын өдрийн босгон дээр гавьяаныхаа амралтанд гарсан иргэний хамгаалалтын бүх шатны албан тушаал эрхэлж байсан ахмадууд болон одоо ажиллаж байгаа иргэний хамгаалалт, онцгой байдлын албаны албан хаагчдад гал халуун баярын мэндийг дэвшүүлье.

Хүнд нөхцөлд орж, аюулд өртсөн хүн ардыг аврах үйлсэд үргэлж бэлэн зогсдог та бүхний эр зориг, эрс шийдэмгий байдалд гүнээ талархал илэрхийлье” гэжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД