Эмнэлгийн үйлчилгээний төрөл нэмэгдсэн ч боловсон хүчнээ нэмэх цалингийн зардлыг төсөвт тусгадаггүй гэв

2016 оны 02 сарын 26

УИХ-ын гишүүн C.Одонтуяа болон УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх Г.Байгалмаа нар энэ сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллалаа. Энэ үеэр иргэдтэй уулзан, УИХ-аас баталсан хууль, тогтоол, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлгийн шатандаа яваа хуулийн төслүүдийг танилцуулан, санал солилцсон юм.

Хамтын тэтгэврийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Хүүхдийн эрх болон Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого болон бусад нийгмийн хамгааллын чиглэлийн хуулиудын талаар мэдээлэл өглөө.

 Мөн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдлагатай уулзаж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар санал солилцлоо. Тус төвийн стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Г.Дашжамц “Энэ хуульд эмч нар анхаарлаа хандуулж байгаа. Одоогийн байдлаар улсын эмнэлгүүд зуун хувь төрөөс хараат байгаа болохоор эмч нараа хөгжүүлэх, мэргэшүүлэх нөхцөл бололцоо хязгаарлагдмал байдаг. Чадвартай эмч нар гадаадын хөрөнгө оруулалттай хувийн эмнэлэгт ажилладаг эсвэл өөрсдөө хувийн эмнэлэг байгуулаад гарчихдаг. Хичнээн мундаг эмч байлаа гээд Төрийн үйлчилгээний албаны тухай хуульд захирагдан цалинг нь нэмж чаддаггүй. Түүнчлэн тус эмнэлэг нь төвийн бүсийн таван аймгийн иргэдэд үйлчилдэг хэрнээ 80 гаруйхан батлагдсан орон тоотой. Өдрөөс өдөрт үйлчилгээний төрөл нэмэгдэж, үйл ажиллагаа нь өргөжиж байхад боловсон хүчнээ нэмэх цалингийн зардлыг төсөвт тусгадаггүй гэхчлэн олон хүндрэл бий. Хууль батлагдах юм бол эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой болно” хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД