2015 онд олж илрүүлсэн олдворуудаар үзэсгэлэн гаргана

2016 оны 02 сарын 04

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Монголын археологи” эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэнг зохион байгуулж байна. Хурлыг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал агсан, нэрт археологич, академич Доржхандын Доржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан хийж байгаа бөгөөд хурлын үеэр 2015 онд олж илрүүлсэн олдворуудаар үзэсгэлэн гаргах юм.

2015 онд манай археологийн салбарын судлаач, эрдэмтэд Монгол улсын хэмжээнд гадаадын 9 улстай хамтарсан 29 төслийг 15 аймгийн 33 сумын нутагт хэрэгжүүлж 100 орчим дурсгалыг малтан судлаж, 1000 гаруй эх хэрэглэгдэхүүнийг шинээр илрүүлэн олсон байна. Эдгээр төслүүд нь чулуун зэвсгийн бууц суурин, хүрэл зэвсгийн булш оршуулгын дурсгал, буган хөшөө, бууц суурин, хүннүгийн үеийн хот суурин, язгууртны болон жирийн булш, бууц суурин, сяньби, жужан, түрэг, уйгурын үеийн булш оршуулга, болон хот суурин, XIII-XIV зууны булш оршуулга, хот суурины судалгаа гэсэн олон чиглэлээр ажилласан байна. Эдгээр гадаадтай хамтарсан төслүүдээс тус хүрээлэн 22, Монголын Үндэсний Музей 5, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн 2 төслийг хэрэгжүүлжээ.

Мөн өнгөрсөн жилд тус хүрээлэнгийн судлаачид Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг Чингис хааны анхны нийслэл Аваргын балгасанд цэргийн зэр зэвсэг үйлдвэрлэдэг дархны зуух ба алт мөнгөний дархны бүрэн хэрэгслийг Монголд анх удаа нээжээ. Мөн урьд өмнө судлагдаагүй байсан эртний сяньби нарын бүтэн оршуулгын газрыг Баян-Өлгий аймгийн нутагт малтсан нь нээлт болжээ. Хүннүгийн шавар ваар савны урлагийн олон шинэ олворуудыг Тамирын Улаан хошууны булшнаас илрүүлсний дотор Дундад Азиас гаралтай шавар савнууд байгаа нь Төв Азийн эртний соёл иргэншлийн хэлхээ холбоог илэрхийлэх чухал баримтууд болж байна.

Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс археологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд 55 тооны ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай болон шинээр тавигдаж буй автозамын трассын дагууд хайгуулын ажлыг 8 аймгийн 20 сумын нутагт гүйцэтгэж 2600 орчим дурсгал шинээр илрүүлэн олсон юм. Мөн хуулийн хүрээнд Усан цахилгаан станц баригдах талбай, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд буй 270 дурсгалыг малтан шинжилжээ.

Энэ удаагийн хуралд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгээс гадна Монгол улсын их сургуулийн Антропологи-археологийн тэнхим, Монголын Үндэсний Музей, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Улаанбаатарын Их сургууль, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Соёлын өвийн төв гэсэн 6 байгууллагын 70 орчим судлаачид, гадаадын 50 гаруй эрдэмтдийн оролцсон 49 илтгэлийг хэлэлцүүлнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД