Н.Батцэрэг: Агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд барьж, бууруулж чадсан

2016 оны 02 сарын 03

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Ц.Оюунгэрэл удирдан явууллаа.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2016 онд хийгдэж байгаа ажлын талаар мэдээлэл сонслоо

Дэд хорооны хуралдаанаар эхлээд  Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2016 онд хийгдэж байгаа болон хийхээр төлөвлөгдөж буй ажлуудын талаарх мэдээллийг сонслоо. Мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг танилцуулав.

Мэдээлэлд дурдсанаар, 2011 оноос “Цэвэр агаар” сан байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 93 тэрбум төгрөгийн гүйцэтгэл хийгдсэн байгаа. Агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд барьж, бууруулж чадсан. Агаарын найрлага, бүтцэд дүн шинжилгээ хийж, энэ асуудалтай хэрхэн тэмцэх олон туршилт хийж, оновчтойг нь сонгон үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн жил “Цэвэр агаар” сан татан буугдаж БОНХАЖ-ын яамны сайдын багцад агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр  5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Энэ нь өмнө  төсөвлөгдөж байсан мөнгөнөөс дөрөв дахин бага мөнгө юм. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороотой хамтран  энэ өвөл хийж хэрэгжүүлэх ажлын  төлөвлөгөө гарган батлуулсаны дагуу  ажиллаж байна. Энэ хүрээнд агаарын бохирдол ихтэй бүсэд байгаа цэцэрлэгүүдийн усан халаалтын зуухнуудыг шинэ дэвшилтэд технологид шилжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 154, 174, Сүхбаатар дүүргийн 166-р цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 38, 125-р цэцэрлэгүүдийг сонгон авч, техникийн нөхцөлийг шийдвэрлээд байна. Мөн нийтийн тээврийн том оврын хуучин тээврийн хэрэгслүүдээс ялгарах тоосонцорыг 80 хүртэлх хувиар бууруулах ажлын хүрээнд үр ашигтай шийдэл гаргах судалгааны ажлыг Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын “Агаарын чанарын хяналтын чадавхийг бэхжүүлэх” төсөлтэй хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Усан халаалттай жижиг зуухын техникийн шаардлага, утааны найрлага дахь хорт хийн хүлцэх хэмжээ, шалгуур үзүүлэлтүүдийг шинэчлэх стандартыг боловсруулах, дулааны сүлжээ төрийн өмчит үйлдвэрийн газарт программ хангамж ханган нийлүүлэх замаар техникийн туслалцаа үзүүлэх зэрэг ажлуудыг эхлүүлээд байна. Агаарын бохирдлыг бууруулах гол стратеги бол иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал гэлээ.

Олон Улсын Зөвлөлгөөнөөс гарсан үр дүнгийн талаар мэдээлэл сонсов

Дэд хорооны хуралдаанаар “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” Олон улсын зөвлөгөөнөөс гарсан үр дүнгийн талаар мэдээлэл сонсов.

Анагаах ухааны доктор, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдсан зөвлөгөөн хоёр өдөр амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд 220 орчим хүн оролцож санал солилцсон. Зөвлөгөөний зорилго нь агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг тандах, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл солилцож, агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн. Зөвлөгөөний үеэр оролцогчдын зүгээс олон санал, зөвлөмжийг гаргасан. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн нам даралтын уурын зуухны халаалтыг нүүрсээс бусад арга технологиор шийдэх, түүхий нүүрсээ цэвэр түлш болгон ашиглах, Пневмококкын вакциныг нэвтрүүлэхэд эдийн засгийн тооцоог гаргаж, улсын төсөвт шаардагдах мөнгийг тусгаж өгөх, агаарын бохирдлыг бууруулах “Үндэсний хөтөлбөр” боловсруулах, хэрэгжүүлэх, боловсролын байгууллагаар дамжуулан сургалт, сурталчилгаа явуулах зэрэг санал, зөвлөмжийг гаргалаа. Зөвлөгөөний үр дүнд агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг тандах, урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр судалгаанд суурилсан мэдээллийг нэгтгэн оролцогчдод түгээсэн. Мөн зөвлөгөөнд хэлэлцүүлсэн илтгэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон оролцогчдоос гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн зөвлөмж боловсруулсан гэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Улаанбаатар хот хэдэн онд утаагүй болох талаар болон 2016 онд нийслэлд хичнээн янданг утаагүй болгох зорилт тавьж байгаа талаар тодотгосон юм.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг өгсөн тайлбартаа, стратегийн том зорилт бүхий асуудлыг шийдэхийн тулд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, түүнийг хангаж ажиллах институцын үйл ажиллагаа зэрэг олон зүйлүүдийг нэг дор зангидаж байж хэдэн онд Улаанбаатар хотыг утаагүй болгож чадах юм бэ гэдэг тооцоог гаргана. Өнөөдөр 118 мянган яндан, 3200 хангалтын зуух, 400 мянга орчим автомашины яндангаар Улаанбаатарын агаар бохирдож байгаа. Дээрээс нь гэр хороололд шороон хөрсөн дээгүүр машин холхиж байдаг учраас агаарт тоосжилт ихтэй байдаг. 2020 он гэхэд агаарын бохирдлыг бууруулах үзүүлэлт одоогийн сүүлийн 2-3 жилийн дүнтэй явж, орон сууцжуулах бодлого цаашид үргэлжилж, энэ бодлогоо барьж чадах юм бол одоо байгаа утааны 50-60 хувийг бууруулах боломж байгаа талаар мэргэжилтнүүд ярьдаг. Жилд доод тал нь 10-15 мянган айлыг орон сууцанд хамруулж түүнийгээ цааш нь бууруулахгүй явах юм бол 2020 он гэхэд агаарын бохирдлыг бууруулж чадна гэсэн тоон үзүүлэлт байдаг гэлээ.

Гишүүдийн зүгээс Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог яаралтай хуралдуулж, төлөвлөгөө гарган Улсын Их Хуралд оруулж ирэх саналыг гаргаж байсан юм. Дэд хорооны хуралдаанаар 2020 он гэхэд Улаанбаатар хотыг утаагүй болгох дунд хугацааны зорилт өмнө нь дэвшүүлж байсантай холбогдуулан энэ зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээний төлөвлөгөө гарган оруулж ирэх чиглэлийг Засгийн газарт өгч Улсын Их Хурал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороонд хаврын ээлжит чуулганы эхний долоо хоногт танилцуулах нь зүйтэй гэж үзжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.9.90.231 хэ хэ харагдаач л гэж бодож байна
182.160.35.76 Энэ их бохир утааг бид уушгаараа шүүж амьдрах нь үнэхээо аймшигтай байна шүү.
182.160.35.76 Таныyg u en хариулт ...
  • 2016 оны 02 сарын 05
182.160.35.76 бид уушгаараа шүүгээд бууруулж байна даа. Нялцгайцэрэг биш.
  • 2016 оны 02 сарын 03