Жеймс Андерсон: Хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой хадгалах нь чухал

2016 оны 02 сарын 03

Дэлхийн банкны гаргадаг ээлжит Монголын эдийн засгийн тоймдоо Монгол улс гадаад секторын эрсдлээ бууруулахын тулд төсвийн нэгдмэл байдлыг хангаж, мөнгөний бодлогыг оновчтой хэрэгжүүлэхийн сацуу гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх шаардлагатайг онцолжээ. 

Тодруулбал, Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны төлөв өөдрөг хэвээр буй хэдий ч эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэр алдагдсан, 2017 онд гадаад зээл эргэн төлөгдөхөөр байгаагийн эсрэг бодлогын орон зай хязгаарлагдмал байгаагаас эдийн засаг богино хугацаанд томоохон хүндрэлүүдтэй тулгараад байгаа юм. Тиймээс түүхий эдийн гадаад зах зээл дэх таагүй хандлага үргэлжилж, худалдааны түнш орнуудад эдийн засгийн өсөлт саарах эрсдэлтэй байгаа орчинд Засгийн газар бодлогын шинэчлэлээ үргэлжлүүлэх шаардлагатайг уг тайлан мөн онцолсон байна.

Энэ талаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэлэхдээ “Сүүлийн жилийн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын тохиргоонууд нь эдийн засгийн дархлааг сайжруулах, төлбөрийн тэнцлийн эрсдлийг бууруулахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээ байв. Түүнчлэн түүхий эдийн үнийн бууралт болон бусад эрсдлүүдээс үүдэн цаашид илүү хүчин чармайлт гаргах шаардлага бий болгож байна. Бодлогын тохиргоонд итгэх итгэлийг хангах нь эдийн засагт амжилттай тохиргоо хийгдэхэд нэн чухал байдаг. Бодлогын тохиргоогоо тууштай хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой хадгалах нь болзошгүй эрсдлийн эсрэг тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгох суурь нөхцлийг бүрдүүлэхэд чухал юм” гэжээ.

Харин Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тайхун Ли “Өсөлтийн төсөөлөл ийнхүү буурсан нь цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс үүдэн ургац алдах, 3 дугаар улирлын эцэст аж үйлдвэрийн бүтээгдэхүүн хүлээгдэж байснаас муу гүйцэтгэлтэй гарсан зэргээс шалтгаалсан бөгөөд 2016 онд эдийн засгийн өсөлт нэмж саарах боломжтой. Түүхий эдийн зах зээлийн идэвхжилээс шалтгаалан уул, уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2016-2017 онуудад удаашрах төлөвтэй байгаа ч гадаадын хөрөнгө оруулалт сэргэх нь уул, уурхайн хөрөнгө оруулалтын томоохон төслүүдэд бараа үйлчилгээ нийлүүлдэг бусад салбарын идэвхжлийг дэмжихээр байна” гэсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД