Монголын Улаан загалмай нийгэмлэг 300 сая төгрөгийн тусламж үзүүлнэ

2016 оны 01 сарын 26

Монгол улсын нийт нутгаар цаг агаар хүйтэрч, өвөлжилт хүндрэн 18 аймгийн 97 сум “цагаан зуд”-тай, 20 аймгийн 111 сум “цагаанаар зудархуу” байгаатай холбогдуулан малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран зохион байгуулахаар бэлтгэж байна.

Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймгийн 300 өрхөд тус бүр 192 мянган төгрөг, /нэг аймгийн 100 өрхөд тусламж үзүүлнэ гэсэн үг/ Увс, Завхан, Баян-Өлгий, Төв, Архангай аймгийн 1200 өрхөд хүнсний багц, 64 мянган төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх юм. Одоогийн байдлаар МУЗН-ийн Гамшгийн менемжментийн багийнхан дээрх аймгуудад ажиллаж зудын нөхцөл байдалтай танилцан эрсдэлийн үнэлгээ хийж байна.

Зудтай байгаа дээрх аймгуудад эрсдэлийн үнэлгээ хийсний дараа буюу ирэх хоёрдугаар сарын 16-наас эхлэн Хаан банкаар дамжуулан хүмүүнлэгийн тусламжийг тараах аж.

Зудтай байгаа аймгуудын өрхүүдэд тусламж тараахдаа Монголын Улаан загалмай нийгэмлэгийн зорилтот бүлгийн шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ. Тухайлбал, зуданд буй айл 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүлийг сонгон тусламж үзүүлнэ. Мөн Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны санал болгосноор өрхийн нэг гишүүнд ноогдох малын тоо дунджаар 20 байхаар тооцож, нэн тэргүүнд тусламж хүртлэх шаардлагатай өрхийг сонгох хэрэгтэй ажээ.

Хүмүүнлэгийн тусламж хүлээж авах малчин өрхийг сонгохдоо Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний 7 үндсэн зарчимд нийцүүлж, улстөржилтөөс ангид, ил тод нээлттэй, шударга зохион байгуулахыг чухалчилж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД