Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна

2016 оны 01 сарын 22

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд гурав дахь өдрөө чуулж байна. Энэ удаагийн чуулга уулзалтаар эрүүл мэнд, санхүү, боловсролын салбарыг хэрхэн өөрчлөх, уур амьсгалын өөрчлөлт, бүх нийтийн эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэхэд технологийн хөгжил дэвшил хэрхэн нөлөөлөх, тулгарч буй асуудал, сорилтууд урьд өмнөхөөс илүү ээдрээтэй, хурдацтай, харилцан хамааралтай болсон үед оновчтой зөв шийдвэр гаргах чадамжтай Төрийн байгууллагын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дарга Ангел Гурия, НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллагын Ерөнхий захирал Ирина Георгиева Бокова, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ёонг Ким, ОУВС-ын гүйцэтгэх захирал Кристин Лагард зэрэг гадаад орны төр, засгийн тэргүүнүүд  болон олон улсын байгууллагын тэргүүн нартай уулзаж хоёр талын  болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ "Монгол Улсын эдийн засгийн гол асуудал нь уул уурхай, ус, мөн засаглалтай холбогдсон асуудал байдаг. Энэ үйл ажиллагаануудад бид идэвхтэй оролцдог. Зохион байгуулагчдын зүгээс ч биднийг энэ хуралдаануудад урьж оролцуулдаг. Тиймээс бид үүнд идэвхтэй байр сууриа илэрхийлж оролцох ёстой. Түүнээс гадна усны асуудлаар энэ жилийн тавдугаар сард Ази, Номхон далайн бүс нутгийн усны чуулган Монгол Улсад болох гэж байгаа. Ус гэдэг бол бүх асуудлын эхлэл. Энэ сэдвээр маш өргөн хүрээтэй ярилцлага явагдаж байгаа. Ер нь энэ талаар цаашид Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нарын оролцсон өндөр дээд түвшний зөвлөл бий болгоё. Бизнес, мөн нийгэм талаасаа олон нийтийн байгууллага, нөгөө талаас төрийн оролцоотой алтан гурвалжин механизмыг идэвхтэй ажиллуулах хэрэгтэй байна гэсэн ийм санаануудыг гаргалаа" гэсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД