Манай улсын гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ

2016 оны 01 сарын 22

Монголбанкнаас өнгөрсөн сарын манай улсын гадаад худалдааны тоймыг тооцоолон гаргасан байна. Тус тайланд дурдсанаар манай улсын нийт гадаад худалдааны эргэлт 8,466.6 сая ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 23.1 хувиар буюу 2,544.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт аж. Үүнд экспорт 1,105.1 сая ам.доллараар, импорт 1,439.5 сая ам.доллараар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн гэж шинжээчид үзэж буй.

Харин хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 62.1 хувь буюу 5,257.9 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 13.0 хувь буюу 1,098.0 сая ам.долларын худалдааг ОХУ-тай тус тус хийжээ.

Мөн түүнчлэн Монгол Улсын гадаад худалдааны нийт тэнцэл өнгөрсөн сарын байдлаар 872.3 сая ам.долларт хүрч, валютын төлбөртэй худалдааны тэнцэл ашигтай гарчээ. Валютаар төлбөр тооцоог нь гүйцэтгэсэн худалдааны тэнцэл нь төгрөгийн валюттай харьцах ханшид нөлөөлдөг суурь үзүүлэлт юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тогтмол алдагдалтай байсан тус тэнцэл 2014 оны сүүлийн хагасаас эхлэн тогтмол ашигтай гарч байсан байна. 2015 оны эхний 12 сарын гүйцэтгэлээр 1,185.0 сая ам.долларын ашигтай буюу өнгөрсөн оны мөн үеэс 327.2 сая ам.доллараар сайжирсан үзүүлэлттэй байна. Үүнд валютын төлбөртэй импорт 30.3 хувиар буурсан нь нөлөөлсөн.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД