”Нэг талх худалдаж аваад 100 сая төгрөг хожих боломжтой”

2016 оны 01 сарын 05

Шинэ оны эхний өдрөөс эхлэн НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн, үйчилгээнээс улсад төлөгдөж буй НӨАТ-ын 20 хүртэл хувийн буцаалт авах мөн сугалаанд оролцох боломж орон даяар хэрэгжиж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, Татварын нэгдсэн системд холбогдсон ААН буюу борлуулагчаас зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авалт хийсэн хувьд хүнд сугалааны дугаар бүхий төлбөрийн баримтыг кассын төхөөрөмжөөс хэвлэн өгөх юм. Мөн түүнчлэн татварын нэгдсэн системд холбогдсон албан татвар суутган төлөгч аж ахуйн нэгжээс хэвлэсэн төлбөрийн баримтаар сугалааны урамшуулалд оролцох мөн төлсөн НӨАТ-ын 20 хүртэлх хувийг буцаан авах аж.

Тэгвэл өнөөдөр энэхүү үйлчилгээг албан ёсоор нээж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор "Миний" хайпер маркет сүлжээ дэлгүүрт очиж худалдан авалт хийж баримтаа ebarimt.mn-д бүртгүүлэн баталгаажууллаа. Тэрээр хэлэхдээ "Иргэн бүр худалдан авалтынхаа баримтыг үйлчилгээний байгууллагаас шаардан авах эрхтэй. Худалдан авалтынхаа баримтыг авснаар татварын хөнгөлөлт эдлэхээс гадна ганцхан татварын 1800 байцаагч бус Монгол Улсын гурван сая иргэн бүгд татварын хяналт тавих боломжтой болж байгаа юм. Иргэдийнхээ оролцоотой эдийн засгийг ил тод болгож байгаагаараа давуу талтай юм. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарч далд, бүртгэлгүй байсан эд хөрөнгө бүртгэлтэй болж байна. Үүний араас Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа нь бүртгэлгүй байсан зүйлүүд ил тод болж байна. Иргэд үйлчлүүлж байгаа газраасаа татварын баримт авъя. Би худалдан авалтынхаа хоёр хувийг авч, сугалаанд оролцоно гэж нэхэж авах эрхтэй" гэлээ.

Мөн өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 4000 гаруй цэг буюу кассын машин Татварын ерөнхий газрын нэгдсэн системтэй холбогдон ажиллаж байна. Шинэ он гарсаар 170 орчим мянган НӨАТ-ын буцаан олголт, сугалаатай худалдан авалт хийгджээ. Энэ тоо цаашид өсөн нэмэгдэнэ. НӨАТ-ын буцаан олголттой худалдаа хийсэн иргэн бүр 14 хоногт нэг удаа болох сугалаанд оролцох эрхтэй, сугалааны нийт хонжворын сан нь хоёр тэрбум төгрөг байгаа гэдгийг Ерөнхий сайд  онцлон тэмдэглэлээ.

Эхний сугалаа энэ сарын 17-нд орон даяар явагдана. Хамгийн том шагнал нь 100 сая төгрөг бөгөөд бусад олон хонжвор байгаа ажээ.

Мөн энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважаваас зарим зүйлийг тодрууллаа.           

-Иргэд сардаа нийт хэчнээн төгрөгийг буцаан авах боломжтой вэ?

-500 мянган төгрөгийн худалдан авалт хийхэд түүний 10 хувь буюу 50 мянган төгрөгийг НӨАТ-д төлнө. Үүний 20 хувь буюу 10 мянган төгрөг тухайн хувь хүний дансанд буцаж орно гэсэн үг. Энэ мэтчилэн арванхоёрдугаар сар гэхэд 120 мянган төгрөг өөрийнх нь дансанд орсон байх болно.

Мөн түүнчлэн сар бүр сугалаанд оролцох эрхтэй болно. Нэг талх худалдаж аваад 100 сая төгрөг хожих бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, сугалааны шагналын сан сар бүр 2 тэрбум төгрөг байхаар төсөвлөсөн. Гэхдээ хүмүүс сайн хэвшээгүй байгаа учраас эхний саруудад 2-3 сугалаа явагдах юм билээ.

Энэхүү системийн хамгийн гол зүйл нь аж ахуйн нэгжүүд орлогоо нуух боломжгүй болно гэсэн үг. Үүнээс өмнө бид Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлуулсан. Энэ хуулиар иргэн буюу хуулийн этгээд бүх тайлан балансаа цэгцлэх боломжийг олгосон. Тиймээс иргэд аж ахуйн нэгж орлогоо нууж, хуурамч тайлан гаргаж, зах зээлд өрсөлдөнө гэдэг асуудал үүгээр цэг тавигдаж байгаа.

-Сугалаа хэрхэн явагдах вэ?

-Худалдан авалт хийснийхээ төлөө авсан баримтан дор сугалааны код байгаа. Түүнийг бүртгүүлээд сугалаанд оролцох боломжтой. Одоогоор 190 мянга гаруй хэрэглэгч НӨАТ-ын буцаан олголтын системээр бүртгүүлсэн гэх тоо баримт гарсан. Дахиад 10 хоногийн дараа гэхэд 1-2 сая болох байх. Тэгэхээр 2 сая хүний дунд сугалаа явагдах юм.

-Малчид хэрхэн хамрагдах вэ?

-Тэд ч мөн адил ebarimt.mn сайтаар ороод бүртгүүлээд оролцох боломжтой. 

Иргэд урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

Урамшуулалд хамрагдахын тулд иргэн http://www.ebarimt.mn цахим хуудсанд хандаж хэрэглэгчийн бүртгэлийг үүсгэх шаардлагатай. Урамшууллаа авахын тулд цахим хуудсанд бүртгүүлсэн хэрэглэгчийн бүртгэлээ дараах мэдээллийг үнэн зөв бөглөж баталгаажуулна.

- Овог

- Нэр

- Регистрийн дугаар 

- Холбоо барих утасны дугаар

- Монгол Улсад бүртгэлтэй банкны нэр, дансны дугаар

Ингэхдээ заавал татварын нэгдсэн системээс баталгаажсан сугалааны дугаарын мэдээлэл агуулсан төлбөрийн баримтыг авсан байх, мөн сугалааны тасалбарыг http://www.ebarimt.mn цахим хуудсанд 15 хоногийн дотор бүртгүүлсэн байх ёстой аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
121.170.38.60 Hudla
103.229.123.2 ямар ч утгагүй НӨТ өө одоогийн үнэ дээрээ нэмнэ гэсэн үг.Улам нь үнэтэй юм худалдаж авна. Бид 50000 төгрөг илүү төлөөд 10000 -г буцааж авна,ямар ч логик алга. Хамгийн гол нь дэлгүүрүүд одоо бгаа үнэн дээрээ 10% нэмж биднээс аваад бгаа.
150.129.142.232 yu bolood baigaag erduu oigohgui bn.internetgui orchind baidag ,gertee internetgui humuus yah yum bolj bnaa,bas ebarimt gedeg ruu ni orood erduu bolohgui bn,nad shig hugshchuul olon l baigaa bh da
172.101.82.153 hunii hubiin medeelel tsugluulj bolj bgaam uu?