Хөлний асуудлаа хэрхэн шийдэх вэ?

2016 оны 01 сарын 03

Таны хөлөнд үү, мөөгөнцөр, цэврүү, шигдсэн хумс, эвэр гээд л анхаарал болгоомжгүйгээс үүссэн асуудлууд үүссэн ч хэрхэн арилгахаа мэдэхгүй байгаа юм биш биз. Тэгвэл бид танд бага ч болов тус болох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.


Хөлийн эхний үений үрэвсэл буюу эвэр ургах: Гэнэтхэн хөлөнд чинь урьд нь таардаг байсан гутал таарахаа больж, эрхий хурууны чинь ойролцоо булдруу товойж гарч ирж байна уу? Дээрээс нь үнэхээр их өвдөлттэй гэдгийг мартаж болохгүй. Тиймээс юуны өмнө хөлд эвтэйхэн, өргөн гутал өмсөж, хөлөө халуун бүлээн усанд дэвтээх эсвэл мөсөөр жин тавина. Хэрэв энэ арга үр дүнгээ өгөхгүй бол эмчид үзүүлж, кортизон тариулах хэрэгтэй. Харин урьдчилан сэргийлэхийн тулд хөл барьсан, нарийн гутал өмсөхөөс аль болох зайлсхийх нь зүйтэй.


Үү гарах: Таны хөлийн уланд бага зэргийн өвдөлттэй жижигхэн помбогор ургалт үүссэн байна уу? Тэр бол үү юм. Иелийн анагаах ухааны сургуулийн арьс, эмнэл зүйн ухааны профессор Мона Гохара эмчийн хэлснээр үү нь бохирдсон гадаргуугаас хпв халдвар авсан тохиолдолд ургадаг байна. Энэ тохиолдолд хэдэн өдрийн турш тусгай түрхлэг буюу туузыг нааж өгөх хэрэгтэй. Мөн лазер болон азотын уусмалаар арилгаж болно. Түүнчлэн усан сангийн ойролцоох нийтийн хувцас солих өрөөнд резинэн углааш өмсөж үү гарахаас урьдчилан сэргийлж болох аж.


Мөөгөнцрийн халдвар: Хуурай, загатнасан, хайрс шиг ягаан арьс хаанаас ч юм цухуйгаад байна уу? Дээрээс нь үнэхээр эвгүй харагдана. Хэрэв тийм бол юуны өмнө мөөгөнцрийн эсрэг эм болон нунтаг, эсвэл тосон түрхлэг түрхэх хэрэгтэй. Цаашлаад алимны цуунд хөлөө дэвтээвэл үр дүнтэй. Энэ төрлийн халдвар нь нийтийн шүршүүрийн газар, хувцас солих өрөө зэрэг чийгтэй орчинд илүү тархдаг аж. Тиймээс өдөр бүр оймсоо сольж, хөлөө угааж, нийтийн шүршүүр, далайн эрэг болон усан сан явахдаа резинэн углааш заавал өмсөх хэрэгтэй. Мөн оймс өмсөхдөө хөлөө заавал хуурай байлгах хэрэгтэй. Эс бөгөөс оймсон дотор чинь чийг татах эрсдэлтэй юм.


Дотогшоо ургасан хөлийн хумс: Хөлийн чинь хумс дотогшоо махийж, арьс чинь хавдаж, хүрэхэд хөндүүрлэж байна уу? Зарим нь төрөлхийнх байж болох ч зарим нь санамсаргүйгээр хөлийнхөө хумсыг махийлгах тохиолдол байдаг. Гэхдээ аль нь ч байсан гэсэн гэмтсэн нь үнэн. Тийм болохоор дотогшоо ургасан хумсыг өөрөө авч болох ч гүнзгий шигдсэн хэсгийг мэргэжлийн эмчид даатгах хэрэгтэй. Мөн хөлийнхөө хумсыг тэгш шулуун байлгаж, дасгал хөдөлгөөн хийхдээ хэтэрхий богино бус хөлд таарч тохирсон пүүз өмсөх нь зүйтэй. Хэрэв та хөлийн хумсны чинь ойролцоо хавдсан байхыг анзаарвал эмчид үзүүлэхээсээ өмнө оройдоо бүлээн давстай усанд дэвтээх хэрэгтэй юм.


Шивэр: Шивэртэй тэмцэх хамгийн хялбар арга бол хөлөө савандаж угаах юм. Эсвэл шивэр арилгагч тусгай бодис ашиглаж бактерийг арилгах хэрэгтэй. Хэрэв та их хөлөрдөг бол гутландаа тальк түрхэж өгвөл шингэнийг сайн шингээж авдаг. Мөн хөлөө байнга цэвэрхэн хуурай байлгаж байгаарай.


Цэврүүтэх: Өдөржингөө шинэ гуталтайгаа явтал сүүлд нь цэврүүтэй хоцорч үлдэв үү? Цэврүү нь эрчимтэй эмчилгээний үр дүнд өөрөө алга болдог учир тэднийг хагалахгүй байх нь зүйтэй. Хэрвээ хагарвал савантай усаар угаана. Тэгээд эмчилгээний тосон түрхлэг түрхэж шархны лент наа, эдгэртэл нь цэвэрлэж байх хэрэгтэй. Дараа нь чийг даахгүй оймс, гутал өмсөж, дасгал хөдөлгөөн хийхдээ үрэлтийг багасгах болон цочроохгүй байхыг хичээх хэрэгтэй.


Сайртах, эвэрших: Хөлийн чинь арьс хатуурч, хоёр долоо хоногийн турш юу ч хэрэглэсэн зөөлрөхгүй байгаа нөхцөлд хөлөө дэвтээж, эвэршсэн арьсыг арилгахын тулд уушгин чулууг ашиглахыг зөвлөж байна. Хэрэв бүр өвдөөд байвал хурдан эмчид хандах хэрэгтэй. Эвэр нь даралт болоод үрэлтийн дүнд улам томордог. Шүвтэртэй тос эсвэл альфа-гидрокси хүчлээр арьсыг зөөлрүүлж болно. Дээрх зааврыг өдөр бүр хэрэгжүүлж, өөрийн хөлд эвтэйхэн өргөн гутал өмсөх нь зүйтэй.

Эх сурвалж: www.womansday.com


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД