”Чимээгүй БААТАР”-ын хөшөөг сүндэрлүүлнэ

2015 оны 12 сарын 10

Харамсалтайгаар амиа алдсан "Ирвэс хамгаалах сан"-гийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг үнэн мөнөөр нь шалгаж, холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисээс хүссэн бол УИХ-ын дарга З.Энхболд ирвэс хамгаалагчийн үхэлтэй холбоотой хэргийг хурдан шалгаж илрүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон аж. Үүгээр ч зогсохгүй "Гацуурт" ХХК-ийн ерөнхий захирал Л.Чин­бат өөрийн фэйсүүк хуудсаар дамжуулан ирвэс хамгаалах залуугийн хэргийг илрүүлэхэд хэрэгтэй мэдээлэл ирүүлсэн хүнийг хувиасаа 10 сая төгрөгөөр урамшуулж шагнана гэдгээ ч мэдэгдсэн. 

Түүнчлэн түүний эхлүүлсэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг өнгөрсөн сарын 30-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Тэгвэл Байгаль, ан амьтан, уул усаа хамгаалахын төлөө алтан амиа өргөсөн Т.Лхагвасүмбэрэлийн гэгээн дурсгалыг мөнхөлж Монголын төр хөшөөг нь босгохоор болжээ.

Уг санаачлагыг Г.Дамбадаржаа гэх нэгэн залуу хувиасаа гаргасан бөгөөд үүнийг нь ч олон нийт санал нэгтэйгээр дэмжсэн байна. Үүний дараа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг талийгаачийн хөшөөг босгоно гэж хэлсэн байна. Энэ талаар Г.Дамбадаржаагаас тодруулахад "Хөшөөг босгох санааг би гаргасан. Олон ч хүн дэмжсэн. Гэтэл салбарынх нь сайд хөшөө босгоно гэхээр нь би түр азнаад байгаа. Харин хэзээ босгож өгөхийг нь сайн мэдэхгүй байна. Худлаа л битгий ярьсан байгаасай" гэсэн юм.

Мөн түүнчлэн Олон улсын байгаль хамгаалагчдын нийгэмлийн 29 судлаач, ажилтнууд төрийн өндөрлөгүүдэд хандан гарын үсэг бүхий захидал илгээж, талийгчийн үхлийн шалтгааныг үнэн мөнөөр нь тодорхойлж цаашид Т.Лхагвасүмбэрэл агсны үйл хэргийг залгуулахыг хүссэн байна. Уг захидалд гарын үсэг зурсан профессор, эрдэмтдийн дунд Невада, Пенсильвани, Нью Мехико, Рютгерсийн их сургууль, Дрекселийн нэрэмжит шинжлэх ухаан байгалийн академи, Баруун Виржиниа, Уэйн Стэйтийн Коллеж зэрэг нэр хүндтэй их сургууль, байгаль судлалын академийн ажилтан алба хаагчид гарын үсгээ зурсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.40.191 эхлээд цаад эзнийг нь олий дараа нь хøшøøгийн босгож мøнхжvvльеэ!!!!