Дэлхийн сонгодог бүжгэн жүжиг ”Цөмөөхэй” энэ сарын 12-ноос тоглогдоно

2015 оны 12 сарын 10

Германы зохиолч Е.Т.А.Хоффман 1815 онд анх “Цөмөөхэй” нэртэй үлгэр зохиож, түүнээс сэдэвлэн “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Дон Кихот” гэх зэрэг алдарт балетуудыг зохиосон Петр Ильич Чайковский 1892 онд “Цөмөөхэй” (Щелкунчик) балетыг бичжээ. Германы нэгэн жижигхэн хотхонд илбэчин Просселмейр хүүхдүүдэд илбэ үзүүлэн гайхшруулж байгаагаар эхлэх энэхүү балет дэлхийн олон хүүхдүүдийг балетын урлагт хөтөлж байсан билээ. Тэртээ 1892 онд анх тайзнаа амилж байсан бол өнөөдрийг хүртэл 120 жилийн түүхэн хугацаанд тив алгасан тархсаар шинэ оны баяраар үзэх ёстой нэгэн гэр бүлийн уламжлал болтлоо үзэгчдэд хүрч чадсан сонгодог балет болжээ.

“Цөмөөхэй” балет нь зул сарын баярын бас нэгэн бэлэг тэмдэг болсоор ирсэн бөгөөд Орос, Монгол, Америк мөн Европын орнууд зул сарын баяр болгоноор тоглодог байна. Тэгвэл хамгийн анх энэ балетыг Оросын Маринский театрын уран бүтээлчид тайзнаа амилуулж байсан бөгөөд харин манай улсад анх 1982 оны тавдугаар сарын 8-нд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тоглож байжээ. 

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Монголын балетын хөгжил сан” хамтран зохион байгуулж байгаа дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг энэ дугаар сарын 12, 13, 19, 20, 26, 27-ны өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт тоглох гэж байна.

Дэлхийн таван тивийн улсад зэрэг тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг Монгол Улсын Гавъяат Жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар өнгөрсөн жилээс эхлэн шинэчлэн тоглосон юм. 2014 онд “Цөмөөхэй” балетын тайз, декорац, хувцас хэрэглэлийг АНУ-ын “Бостон балет” компаниас авчирч 180 орчим хүүхдийг оролцуулан тоглосон бөгөөд энэ жил таван Клара охиныг шалгаруулж, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид болон 200 гаруй авьяаслаг хүүхэд дүр бүтээхээр тоглолтынхоо бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ жилийн онцлог нь хурганы дүрийг шинээр нэмж, цас оруулалтыг нэмэгдүүлжээ. Өмнөх жил “Монголын балетын хөгжил сан” тус балетыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, оюутнуудад хөнгөлттэй болон үнэ төлбөргүй үзүүлсэн бол энэ жил “Цөмөөхэй” балет тоглолтыг тархины саажилттай 10 хүүхдэд онцлон үзүүлэхээр урилга явуулжээ. Тус тоглолтын орлогоос саажилттай хүүхдүүдийн хөдөлгөөнийг дэмжихэд тустай “Spider cage” бүсийг авахад хандивлах юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД