Баруун бүсийн аймгуудын шатахууны үнийг 260 хүртэлх төгрөгөөр бууруулжээ

2015 оны 12 сарын 08

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт Увс аймагт ажиллах үеэрээ алслагдсан бүс нутгуудад шатахууны үнийг бууруулж, төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлын хэрэгжилтийн нээлтэд оролцжээ. 

Тэрээр энэ үеэр хэлэхдээ, Монгол Улсын эдийн засаг тэлэхийн хэрээр сүүлийн арван  жилийн дотор шатахууны хэрэглээ 2.2 дахин өссөн болохыг дурдаад “Энэ их өсөлт бүс нутгийн хүн амын амжиргаа, эдийн засгийн хөгжилд харилцан адилгүй нөлөөж ирсэн. Засгийн газраас энэ асуудлыг шийдвэрлэж, үр дүнд нь алслагдсан баруун бүс нутгийн шатахууны жижиглэн борлуулалтын үнийг төвийн бүсийн үнэтэй ойролцоо түвшинд хүртэл буулгаж чадлаа” хэмээн хэлсэн юм.

Мөн түүнчлэн баруун бүсийн авто тээврийн хэрэгслүүд энэ замаар явж цаг хугацааг асар их хэмнэж байгаа бөгөөд баруун бүсийн аймгуудын шатахууны үнийг өнөөдөр литр тутамд 120-260 төгрөгөөр бууруулсан нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төдийгүй авто замын ашиглалтыг сайжруулах боломж болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Дашрамд дурдахад, баруун бүсийн аймгуудын иргэд Улаанбаатар хоттой харьцуулахад шатахуунаа дунджаар 10 шахам хувийн өндөр үнээр худалдан авч байсан бөгөөд 2009 онд энэхүү зөрүү хамгийн өндөр буюу 21 хувьд хүрч байжээ. Харин Засгийн газраас бүс нутгийн шатахууны үнийн зөрүүг бууруулах зорилгоор өнгөрсөн сарын 09-ний өдрийн 438 дугаар тогтоолоор онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсэд ялгавартай тогтоох шийдвэр гаргасан юм. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД