Манай улсын урсгал тэнцэл алдагдалтай гарчээ

2015 оны 11 сарын 14

Монголбанкнаас гаргасан төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлийг өнгөрсөн сарын 30-ны өдөр танилцуулсан урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулбал, урсгал дансны алдагдал 73.1 сая ам.доллараар, хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг 209.8 сая ам.доллараар, алдаа ба орхигдуулгын дүн 136.7 сая ам.доллараар тус тус буурсан өөрчлөлт гарсан байна.

Энэ нь төлбөрийн тэнцлийн улирлын гүйцэтгэлд аж ахуйн нэгж байгууллагуудын гуравдугаар улирлын санхүүгийн тайлан мэдээг хүлээн авч, тусгаснаар тайлбарлагдана. Тодруулбал, урьдчилсан гүйцэтгэлд тусгагдсан уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжүүдийн тайлант улирлын үндсэн үйл ажиллагааны ашгийн таамаг тооцоо нь бодит гүйцэтгэлээс өндөрөөр үнэлэгдсэнтэй холбоотой байна. Уг ажил гүйлгээг төлбөрийн тэнцэлд орлогын болон шууд хөрөнгө оруулалтын дансанд давхар бүртгэдэг болно.

Харин гол үзүүлэлт болох урсгал тэнцэл 412.7 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 72 хувиар буюу 1051.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнд, барааны гадаад худалдааны дансны ашиг 198 хувиар өсч 950.0 сая ам.долларт, үйлчилгээний худалдааны алдагдал 48 хувиар буурч 632.9 сая ам.долларт хүрч эерэг нөлөө үзүүлсэн бол орлогын дансны алдагдал 23%-иар өсч 849.4 сая ам.долларт,  урсгал шилжүүлэг 2.0 хувиар буурч 119.6 сая ам.долларт хүрч сөргөөр нөлөөлжээ.

Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 345.3 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 59 хувиар буюу 506.5 сая ам.доллараар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын санхүүжилт цэвэр дүнгээрээ өнгөрсөн оны мөн үеэс 98 хувиар буюу 516.3 сая ам.доллараар буурснаар тайлбарлагдаж байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД