Мал, тэжээвэр амьтдыг тоолно

2015 оны 11 сарын 10

Нийслэлийн хэмжээнд мал, тэжээвэр амьтдыг тоолохоор болжээ. Засаг даргын 2015 оны А/870 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын энэ оны тооллогыг ирэх сарын 07-ноос 17-ны өдрүүдэд явуулахаар боллоо. Тооллогын комиссыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ даргалах юм.

Нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комисс нь 2015 оны тооллогын бэлтгэл ажлыг дүүргийн тооллогын комисстой хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үндэсний Статистикийн хорооноос баталсан заавар, аргачлалын дагуу зохион байгуулна.   Мал, тэжээвэр амьтдын тооллогын өдрүүдэд нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтэст тооллогын жижүүр өдөр бүр өглөөний 800-2000 ажиллаж, тооллогын аргачлал, заавартай холбоотой лавлагаа өгөхөөс гадна тооллогын явцын мэдээлэл солилцож байхыг нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан удирдамжид заажээ. Мөн дүүргийн Засаг дарга нь дүүргийн тооллогын комисстой хамтран тооллогод мал, тэжээвэр амьтдыг бүрэн хамруулах, тооллогын явцын мэдээг хугацаанд нь мэдээлэх, дүнг нэгтгэн гаргах, тооллогын явцад элдэв зөрчил гаргахгүй байх үүргийг хүлээнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД