Худалдааны түнш орнуудад эдийн засгийн өсөлт саарах эрсдэлтэй

2015 оны 11 сарын 10

Дэлхийн банкнаас Монгол улс гадаад секторын эрсдлээ бууруулахын тулд төсвийн нэгдмэл байдлыг хангаж, мөнгөний бодлогыг оновчтой хэрэгжүүлэхийн сацуу гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх шаардлагатайг онцоллоо. 

Монгол улсын эдийн засгийн урт хугацааны төлөв өөдрөг хэвээр буй хэдий ч эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэр алдагдсан, 2017 онд гадаад зээл эргэн төлөгдөхөөр байгаагийн эсрэг бодлогын орон зай хязгаарлагдмал байгаагаас эдийн засаг богино хугацаанд томоохон хүндрэлүүдтэй тулгараад байгаа талаар шинээр гарсан уг тайланд дурьджээ. Түүхий эдийн гадаад зах зээл дэх таагүй хандлага үргэлжлэхээр байгаа, худалдааны түнш орнуудад эдийн засгийн өсөлт саарах эрсдэлтэй байгаа орчинд Засгийн газар бодлогын шинэчлэлээ үргэлжлүүлэх шаардлагатайг уг тайлан мөн чухалчлав.

“Сүүлийн жилийн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын тохиргоонууд нь эдийн засгийн дархлааг сайжруулах, төлбөрийн тэнцлийн эрсдлийг бууруулахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээ байв. Түүнчлэн түүхий эдийн үнийн бууралт болон бусад эрсдлүүдээс үүдэн цаашид илүү хүчин чармайлт гаргах шаардлага бий болгож байна. Бодлогын тохиргоонд итгэх итгэлийг хангах нь эдийн засагт амжилттай тохиргоо хийгдэхэд нэн чухал байдаг. Бодлогын тохиргоогоо тууштай хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой хадгалах нь болзошгүй эрсдлийн эсрэг тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгох суурь нөхцлийг бүрдүүлэхэд чухал юм” гэдгийг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон онцоллоо.

Түүхий эдийн гадаад зах зээл дэх таагүй хандлага үргэлжилж, экспортын гол зах зээл болох Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаагаас Монгол улсын экспорт буурч байгаа орчинд эдийн засгийн бодит өсөлт 2015 эхний хагаст гурван хувь болж саарав. Монгол улсын ДНБ-ийн жилийн өсөлт 2015 онд 2.3 хувьд хүрэхээр хүлээгдэж байна гэж мөн уг тоймд дурьджээ.

 

 


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД