Дууны хорвоод одоо ч дуурсагдсаар...

2015 оны 11 сарын 10

“Уянга яруухан дууны хорвоод удаан амьдармаар санагдаад байх юм аа”

“Дууны хорвоо” хэмээх энэ дуу, энэ аялгуу Ц.Чинзориг хэмээх тэр л эгэлгүй авьяастны сэтгэлийн угаас төрөн гарсан гэлтэй. Дөч гаруйхан насандаа хорвоог орхисон ч түүний алдар нэр, бүтээлүүд дууны хорвоод одоо ч дуурсагдсаар.

Д.Содномдоржийн шүлгээр хийсэн “Учран золгохын ерөөл” дуугаараа анх олноо танигдсан тэрээр амьд ахуй насандаа 300 гаруй дуу, найрал дуу, 400 гаруй цөөхөл болон найрал хөгжим, тайз дэлгэцийн бүтээл туурвиж байжээ. 1990 онд “Илдэн уулын цуурай” оритари нь Азийн шилдэг бүтээлийн жагсаалтад бичигдэж ЮНЕСКО-гийн алтан санд орж байсан билээ.

Мөн 1994 онд “Дууны хорвоо” дуу нь оны шилдэг бүтээлээр шалгарч Морин хуур уралдааны тэргүүн байрын шагнал, 1990 онд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртжээ. 1996 онд Илдэн уулын цуурай, Тэмүүжин дуурь, Үүлэн цэнхэр хангай, Ус мөрөн олон чиг, Намрын дурсамж, Учран золгохын ерөөл, Зүүдний говь зэрэг бүтээлээрээ Монгол Улсын Төрийн шагнал хүртэж байжээ.

Түүний тухай  Ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай “Ц.Чинзориг бол миний гарын шавь. Түүнийг Хөгжим бүжгийн дунд сургуулийн уран сайхны удирдагчаар насаар нь байлгана гэж бодож байсан ч цагаас нь эрт алдсаныг миний муугийнх гэж боддог. Ц.Чинзориг маань их гоё дуулдаг байж билээ. “Уран гоо” гэдэг дууг анх тэр дуулж байсан юм” хэмээн хуучилсан байдаг.

Тэгвэл өнөөдөр хойч үе нь ч түүнийг мартаагүй бөгөөд түүнийн мэндэлсний 60 жилийн ойн хүрээнд “Чинжигийн сонгодог аялгуу” уран бүтээлийн цогц арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Үүний талаар УДЭТ-ын дарга8 УГЗ Д.Цэрэнсамбуугаас тодрууллаа.

-Ц.Чинзориг агсны мэндэлсний 60 жилийн ойн хүрээнд урлагийн цогц арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Ц.Чинзориг агсан бол өөрийн уянгалаг бүтээлүүдээрээ хөгжмийн урлагийн салбарт од болон гялалзан гарч ирсэн сод авьяастан хүн билээ. Энэ онд түүний мэндэлсний 60 насны ой тохиож байгаа юм. Тиймээс түүний гэргий Д.Ганмягмар болон Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, шавь нарынх нь төлөөллүүд хамтран тэмдэглэе, олон түмэнд ямар гайхалтай хөгжмийн зохиолч байсныг нь таниулж, алдаршуулахыг хүссэн юм. Үндсэндээ энэ долоо хоногт Ц.Чинзориг агсны “Хөгжмийн өдрүүд”-ийг зохион байгуулж байна.

-Ямар үйл ажиллагаанууд зохион байгуулагдах вэ?

-Энэ бол урлагийн цогц үйл ажиллагаа юм. Улаанбаатар хотод зохиогдож буй энэ ажиллагаа энэ сарын 09-нд албан ёсоор эхэлсэн. Ингэхдээ эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан. Харин өнөөдөр хэвлэлийн хурлыг зохион байгуулж, энэ сарын 12-ноос тоглолтууд эхэлнэ. ДБЭТ-т “Чинжигийн сонгодог аялгуу” тоглолтод найрал дуу, хөгжил, цөөхүүлийн томоохон бүтээлүүд эгшиглэх юм. Мөн энэ сарын 14-нд СТӨ-нд Гала тоглолт тавигдаж, хос цомгийг худалдаанд гаргасан.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД