Кувейтийн олимпийн хороо эрхээ хасуулжээ

2015 оны 11 сарын 10

Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл Кувейтийн үндэсний олимпийн хорооны гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн байна. Ингэхдээ олимпийн хөдөлгөөнийг төрийн оролцооноос хамгаалах зорилготой гэнэ. 

Тодруулбал, өнгөрсөн сарын 12-нд ОУОХ нь Кувейтийн олимпийн хороо, Кувейтийн Засгийн газар болон Азийн олимпийн зөвлөл, Үндэсний олимпийн хороодын холбоо, Зуны олимпийн олон улсын холбоодын холбооны төлөөлөгчдийг байлцуулсан уулзалт хийж, аравдугаар сарын 27-ны дотор тодорхой арга хэмжээ авч, асуудлыг шийдвэрлэх байсан боловч дээрх хугацаанд Кувейтийн төр засгаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.  

Тус шийдвэрийг гаргаснаар Кувейтийн олимпийн хороо нь Олимпийн хөдөлгөөнтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох, явуулах эрхгүй болж байгаа аж. Үүнд мөн Кувейтийн олимпийн хорооны гишүүн холбоодын зохион байгуулж буй ямар нэгэн арга хэмжээ орж байгааг ч дурджээ.

Кувейт нь Олимпийн хөдөлгөөний бүрэн эрхт байдлаа хамгаалахад хэд хэдэн асуудалтай тулгараад байгаа бөгөөд үүний нэг нь тус улсын спортын хуульд оруулсан өөрчлөлт юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД