Энэ 7 хоногийн онцлох үйл явдлууд: Б.Батзаяагаас З.Баянсэлэнгэ хүртэл

2015 оны 11 сарын 07

Энэ долоо хоногт улс төрийн салбарт болж өнгөрсөн сонирхолтой, анхаарал татсан халуухан мэдээний тоймыг хүргэе.

Б.Батзаяагийн “дуулиан”

Юуны түрүүнд Б.Батзаяа энэ долоо хоногийн дуулианы эхний эзнээр тодорлоо. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуульд заасан бусдын онц их хэмжээний мөнгийг залилан мэхэлж авсан, мөнгө угаасан гэсэн үндэслэлээр цагдан хорьсон. Өмнө нь “Женко” Х.Баттулгын бие хамгаалагчаар олон жил ажилласан, биеийн тамирын багш мэргэжилтэй, бие хамгаалах урлагаар хичээллэдэг түүнийг өнгөрсөн сарын 30-нд баривчлан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхлээд байгаа аж. Энэ үйл явдалтай холбогдуулан Б.Батзаяагаас гадна БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Самсунг С&Т” компанийн захирал, БНСУ-ын иргэн, нэгэн банк бус санхүүгийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, “Монголын төмөр зам” компанийн хэлтсийн дарга зэрэг хүмүүсийг саатуулсан байгаа юм.

Хэргийг товчхон авч үзвэл, Японы Ерөнхий сайд Ш.Абэ манай улсад айлчлахдаа Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулахад “МакКензи” компани оролцсон юм. Зөвхөн ТЭЗҮ-ийг боловсруулахад гаргасан өртөг нь 5.6 сая ам.доллар гэдэг. Энэхүү мөнгө нь гадаад дахь харийн компанийн дансанд ороод Монголд эргэж ирэхдээ Б.Батзаяагийн найзын банк бус санхүүгийн байгууллагын дансаар орж ирсэн гэнэ. Тиймээс түүнийг эд хөрөнгө залилан мэхэлсэн гэж Эрүүгийн хуулийн 148.4-т заасан зүйл ангиас гадна мөнгө угаасан үйлдэлд шалгаж болзошгүй хэмээн үзэж байгаа гэнэ.

Г.Шийлэгдамбын хууль бус “500 сая төгрөгтэй тэнцэх ам.доллар”

Мөн энэ долоо хоногийн дараагийн дуулианы эзнээр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тодорчээ. Түүнийг энэ сарын 04-ний өдрийн 22:30 минутын орчимд АТГ-аас саатуулж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорилоо. Түүнийг авлига, албан тушаалын хэрэгт сэжиглэж байгаа юм байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян нар мэдээлэл хийсэн. Тэд Шийлэгдамбыг баривчилсан нь МАХН-ын удирдлагуудыг хэлмэгдүүлэх нэг хэлбэр боллоо хэмээн үзэж буйгаа нуусангүй. Мөн тэр үеэрээ МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян хэлэхдээ “Ер нь МАХН-аас тодорхой ажил төрөл хийж байгаа бүх хүмүүсийг өдөрт нэг удаа АТГ дууддаг гэж байгаа. Жишээ нь манай намаас сайд хийж байсан Н.Удвал дарга бол аргаа барж байсан. Манай аппаратын 60 хувь нь АТГ-д хариу өгөхөд зарцуулагдаж байна. Тийм хяналтанд ажиллаж байж бид хэзээ ч алдаа гаргахгүй” гэж байсан юм.

Тэгвэл өчигдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ерөнхий сайдад хандаж чөлөөлөгдөх өргөдөл гаргажээ. Тэрээр өргөдөлдөө “Тухайн үед миний өрөөнд хувийн зорилгоор өөрийн олон жилийн танил нөхрөөс зээлсэн мөнгийг хадгалж, хувийн хэрэгцээнд зарцуулахаар төлөвлөж байсан. Би ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй. Өөрийн эрх мэдэл, албан тушаалыг ашиглаж тэрхүү мөнгийг олоогүй учраас АТГ-ын байцаагчид үзүүлсэн. АТГ-аас энэ хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж, ямар нэгэн хууль бусаар олсон мөнгө эсэхийг тогтоох нь зүйтэй гэж үзээд хэрэг үүсгээд ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарынхаа ажилчдын нэр хүндийг сэвтээхгүй байхыг хичээж байна. Дээр нь энэ хэрэг улс төрийн нөхцөл байдлаас үүдэн багагүй хугацаа шаардагдах болсон тул би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” хэмээжээ.

З.Баянсэлэнгэ АТГ-д шалгуулаагүй

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба АТГ-т шалгуулаад удаагүй байхад Барилга, хот байгуулалтын З.Баянсэлэнгэ сайдыг мөн адил шалгаж эхэлсэн хэмээх мэдээ явж эхэлсэн. Тэгвэл тэрээр энэхүү мэдээллийг эрс үгүйсгэсэн юм. Тэрбээр ““Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчилсантай холбоотой намайг шалгаж байна гэсэн мэдээлэл цацагдлаа. Би өглөөнөөс хойш ордонд байсан. Намайг шалгаж, мэдүүлэг авах гэсэн нэг ч хүн ирээгүй. Утсаар ярьсан ч хүн байхгүй. Тиймээс надтай холбоотой асуудлаар тайлбар өгөөч гэсэн албан бичгийг АТГ-т хүргүүлэхээр төлөвлөөд байна. Ер нь би аливаа асуудалд улс төрийн болоод хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж байсан удаа байхгүй. Цэвэр, шударга, зарчимч байр сууринаас өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байсан. Миний байр суурь улс төрийн фракци намын тоглоом болох ёсгүй гэж бодож байна. Хэрэв намайг буруу зүйл хийсэн гэж үзэж байгаа бол шалгуулахад бэлэн байна” гэсэн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД