Монгол брэндүүдтэй танилцацгаая

2015 оны 11 сарын 06

Монгол брэндүүдтэй танилцах аян эхэллээ. Ирэх онд зохион байгуулагдах АСЕМ-ын уулзалтын бүх төрлийн үйлчилгээг Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр бэлтгэх, дотоодын бараа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж, сав баглаа боодол нь олон улсын түвшинд хүрснийг сурталчлах зорилгоор “Монгол брэнд – АСЕМ 2016” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Монголд үйлдвэрлэгдэж буй бүхий л салбарын 120 гаруй үйлдвэрлэгчид оролцож, энэ сарын 06-09-ний өдрүүдэд Мишээл экспо төв дээр дотоодынхоо бүтээгдэхүүнүүдийг 10-40 хувь хямдруулж, хэрэглэгчиддээ “бэлэг” барьж байгаа аж.

“Бадмаараг” ХК-ийн менежер Г.Батжаргал

-Манай үйлдвэр хонь, тэмээний ноосон бүх төрлийн хувцсыг захиалгаар хийдэг. Үйл ажиллагаагаа явуулж эхлээд ес дэх жилтэйгээ золгож байна. Түүхий эдээ ч дотоодынхоо компаниас худалдаж авдаг. Үндэсний үйлдвэрлэл юм чинь бүх зүйлийг дотоодоосоо байх ёстой биз дээ.

Үзэсгэлэн худалдааны хувьд энэ төрлийн ижил төстэй үзэсгэлэн худалдаанд жил бүр оролцдог. Үүний үр дүн ч бодитойгоор гарч чаддаг гэж боддог. Одоо манай бүтээгдэхүүнийг мэддэг хүн олон болсон. Хаа хол гадаадад суугаа үр хүүхэд, эцэг эх рүүгээ ч явуулдаг юм билээ. Бодитоор хямдарч чаддаг болохоор тэр байх. Өнөөдрийн хувьд манайх бүх бараа бүтээгдэхүүнүүддээ загвар харгалзахгүйгээр 30-40 хувийн хямдрал зарласан байгаа.

“Ноосон хөнжил” ХХК-ийн менежер Э.Отгончимэг

-Манай компани байгуулагдаад зургаан жил болж байна. Энэ хугацаанд өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болж чадсандаа маш их баяртай байна. Өнөөдрийн үзэсгэлэн худалдааг зорьж ирсэн иргэд ч манайхыг хараад “Өө эднийх их чанартай юм билээ”, “Танайхыг зорьж ирлээ” гэж хэлж байсан. Ер нь энэ төрлийн үзэсгэлэн худалдаанд бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэхээсээ илүүтэйгээр ард иргэд, хэрэглэгчиддээ сурталчлан таниулах зорилготой байдаг.

Учир нь зах зээл маш өрсөлдөөнтэй байдаг шүү дээ. Ялангуяа манайхтай ижил төстэй бүтээгдэхүүнүүдийг хямд өртөгөөр ОХУ, БНХАУ-аас маш их оруулж ирдэг. Тиймээс юуны түрүүнд сайн сурталчилж, таниулах нь чухал. Манай бүтээгдэхүүний ялгарах онцлог гэвэл чанартай, 100 хувь байгалийн түүхий эдээр хийгдсэн ноосон хөнжлүүдийг хямд үнээр худалдаалдаг.

“Сөөхий” гутлын захын 28 дугаар лангуу Ж.Батжаргал

-Манайх “Сөөхий” гутлын захыг төлөөлөн энэхүү үзэсгэлэн худалдаад оролцож байна. Гутлын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 18 жил болж байгаа. Манай гутлын хувьд хэдийгээр импортоор орж ирдэг ч өөрсдөө загварыг нь зохиогоод, тухайн улсынхаа үйлдвэртэй ярилцаад монголынхоо нөхцөлд тааруулан захиалж хийлгэдэг. Учир нь гутлын үйлдвэрлэл эрхлэх гэхээр ажиллах хүч нь үнэтэй, цахилгааны төлбөр, түрээс гэх мэт өртөг өндөртэй. Дээрээс нь гутлын үндсэн түүхий эд, материалуудыг боловсруулах хөнгөн үйлдвэр ховор.

Тиймээс өөрсдөө гаднын үйлдвэр дээр очоод загвараа гаргаад, бүх түүхий эд, материалыг нь хийлгүүлээд, өөрсдийнхөө нөхцөлд тааруулж, хүссэн загвараараа хийлгүүлж Монголдоо аль болох хямд үнэтэйгээр худалддаг. Бээжин, Эрээнээс оруулж ирж буй гутлууд үс, дотор сайтай байхад ул муутай байх жишээний. Харин бид үйлдвэрээс нь аваад тээврийн зардал зэрэг нэмүү өртөгөө шингээгээд л зардаг. Өнөөдрийн хувьд бүх гуталдаа хямдрал зарласан бөгөөд 100 мянган төгрөгийн үнэтэй гутлыг 50-60 мянган төгрөгөөр худалдаж байна.

“Мон сийлк” ХХК-ийн менежер Д.Лхагважаргал

Монгол зангиаг үйлдвэрлээд 7-8 жилийг үдэж байна. Анх үйлдвэрлэхдээ гаднын жуулчдад зориулж хийдэг байсан учраас бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд зардаг байсан. Харин одоо зөвхөн гаднын жуулчдад гэлтгүйгээр монголчууддаа бас худалдаж байгаа. Сүүлийн жилүүдэд манайхан үндэснийхээ үйлдвэрлэлийг ихээр дэмждэг болсон байна лээ. Хажууд нь Хятадаас оруулж ирсэн зангиа байхад Монгол зангиагаа худалдаж авна гэж байх жишээний.

S miss гоо сайхны бүтээгдэхүүний судалгааны ажилтан н.Энх-Ертөнц

Монголд үйлдвэрлэсэн BB кремыг хэрэглэхийг хүсдэг олон бүсгүйчүүд байдаг. Эрэлт ч их байдаг. Ер нь хүмүүс урьд нь сонсож байгаагүй бүтээгдэхүүнээ хэрэглэх тийм ч дуртай байдаггүй. Гэхдээ “Монголд үйлдвэрлэсэн” гэсэн утгаар нь их сонирхдог. Хэрэглэж үзээд дахиж хайж ирдэг хүмүүс ч бий.

Бүтээгдэхүүний хувьд эрс тэс уур амьсгалын нөхцөлд тааруулж үйлдвэрлэсэн байгаа. Жишээлбэл, Япон улсын зөөлөн уур амьсгалд тохирсон бүтээгдэхүүн хэрэглэж байгаад манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд ирээд өөр бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага тулгардаг. Тиймээс манай бүтээгдэхүүн тэр бүх асуудлыг цогцоор нь шийдвэрлэж чадсан гэж бодож байна.

“Эрүүл өглөө” ХК-ийн захирал О.Алтансүх

Манайх байгуулагдаад гурван жил болсон ч 2014 оны арванхоёрдугаар сараас бүтээгдэхүүнээ зах зээлд гаргасан. Хэдийгээр богинохон хугацаа ч гэсэн зочид буудлуудад бүтээгдэхүүнээ таниулчихсан, хэрэглэгчидтэй болж чадсан.

Бүтээгдэхүүний хувьд зургаан нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эх оронд ургасан жимсний чанамал, масло, зөгийн бал гэх мэт өглөөний цайны цогц бүтээгдэхүүнүүд юм. Жижиг савалгаатай болохоор хүүхдүүд ч их дуртай байдаг. Мөн зочид буудлууд, аялал жуулчлалын баазууд, батлан хамгаалах, энхийг сахиулах хүчин, хүүхдийн зуслангуудаар худалдаалагддаг.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.101.82.153 baraaniihaa uniig 10-40% aar nemegduulj, butsaagaad huuchin uneneeree zarah uildeliig mongol mayagiin hyamdral genee. Todorhoiloltiig bichsen, mongol ulsiin gavyat ediin zasagch IH MEDEKH.
172.101.82.153 baraaniihaa uniig 10-40% aar nemegduulj, butsaagaad huuchin uneneeree zarah uildeliig mongol mayagiin hyamdral genee. Todorhoiloltiig bichsen, mongol ulsiin gavyat ediin zasagch IH MEDEKH.
172.101.82.153 baraaniihaa uniig 10-40% aar nemegduulj, butsaagaad huuchin uneneeree zarah uildeliig mongol mayagiin hyamdral genee. Todorhoiloltiig bichsen, mongol ulsiin gavyat ediin zasagch IH MEDEKH.