“Инновацилаг байцгаая”

2015 оны 11 сарын 05

Монгол Улс мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг бий болгох бодлогыг сүүлийн жилүүдэд эрчимтэй баримталсаар ирсэн. Тиймдээ ч энэхүү  бодлогыг хэрхэн бий болгож, хөгжүүлэх талаар олон санал санаачлагыг төрийн болон хувийн хэвшлийн түвшинд гаргасаар байгаа билээ.

Харин энэхүү бодлого, санал санаачлагыг гаргахад түлхэц өгдөг Монголын залуу эрдэмтэн судлаачдын чуулга уулзалтыг дөрвөн жил тутамд зохион байгуулсаар ирсэн. Тэгвэл энэ сарын 11-нд V дахь уулзалтыг “Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл” сэдвийн дор “Инновацилаг байцгаая” уриатайгаар Төрийн ордонд зохион байгуулах гэж байгаа юм байна. Учир нь Монгол Улсын Засгийн газраас мэдлэгийг баялаг болгох зорилгоор Инновацийн тухай хуулийг батлуулан хэрэгжүүлж эхлээд дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн ч Монгол Улсын хувьд инновацийн соёл, хөгжил эхлэл төдий, түвшин доогуур байсаар байна.

Гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл, манай улс мэдлэг, технологийг бий болгох, нутагшуулах шилжилтийн идэвхтэй үедээ явж байгаа ба Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлууланэ шинжлэх ухаан, технологид суурилсан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчинг бий болгоод байгаа аж. Энэ нь эрдэмтэн судлаачдыг мэдлэгээ баялаг болгох хангалттай нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн чуулганы зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн юм.

Тиймдээ ч энэ удаагийн хурлын зорилго нь үндэсний хэмээх тодотголтой санаа, мэдлэг, технологиийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, баялаг бүтээгчид, төрийн хоорондох уялдаа холбоог сайжруулахад оршиж байгаа аж. Энэ талаар Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтохоос тодрууллаа.

-Монголын залуу эрдэмтэн судлаачдын V чуулга болох гэж байна. Үүний гол ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Үйлдвэрлэлийн асуудал бол Монгол Улсад нэлээд эрчтэй, өргөн цар хүрээгээр яригдаж байна. Үүнтэй уялдуулан үйлдвэрлэлийн салшгүй тулгуур баганын нэг хэсэг болох шинжлэх ухаан, технологийн салбар энэхүү хурдтай нийцэх ёстой. Үүнээс үүдэн тус салбараас гарч буй шинэ санал санаачлагыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, энэ хоёр салбар хоорондоо хэрхэн уялдаж ажиллах вэ зэрэг зөвлөмжүүдийг гаргаж, холбогдох газруудад нь хүргэж санал санаачилга, мэдлэгийг бодит болгоход тус чуулганы ач холбогдол оршино.

-Өмнөх дөрвөн чуулганаар ямар үр дүн гарсан бэ. Мөн энэ удаагийн чуулганаар ямар хүлээлттэй байгаа вэ?

-Түрүүн хэлсэнчлэн чуулганаас зөвлөмж гаргадаг. Зөвлөмжийг төр засгийн болон шинжлэх ухааны төв байгууллагууд, бусад байгууллагуудад хүргүүлж, зөвлөмжийн дагуу ажиллахыг хүсдэг. Харин биет бус байдлаар гэвэл оролцож буй хүмүүст шинэ санаа мэдлэгийг олгож, “Монос”, “Монхимо” зэрэг байгууллагууд шинжлэх ухааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлээд үндэсний бүтээгдэхүүн гаргаад явж байгаа.

-Чуулганд нийт хэчнээн эрдэмтэн судлаачид оролцох төлөвтэй байгаа вэ?

-Одоогийн байдлаар 400 гаруй хүн бүртгүүлээд байгаа. Бидний тооцоолсноор чуулганд залуу эрдэмтэн судлаачдаас гадна шинжлэх ухааны салбарт эрдэм оюунаа зориулж буй ахмад эрдэмтэд, багш нар, бодлого тодорхойлогч холбогдох яамдуудын төлөөллүүд, үндэсний үйлдвэрлэгчид болох 500 гаруй зочид төлөөлөгчид оролцоно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД