“Бэлгийн” ордон “төрсөн өдөр”-өө тэмдэглэж байна

2015 оны 11 сарын 05

Монгол зон олон, хөдөлмөрчин түмнийхээ өмнө үүд хаалгаа нээж байсан МҮЭСТО өдгөө 40 жилийнхээ ойг тэмдэглэж байна. БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Зөвлөлтийн Барилгын II трестээр бариулж, зөвлөлтийн ҮЭ-ээс МҮЭ-д бэлгийн журмаар 1975 оны арваннэгдүгээр сарын 5-нд хүлээлгэн өгч байсан тус ордон нэр хүндтэй олон уран бүтээлчид, дуу хөгжмийн хамтлагуудыг төрүүлсэн гаргаж байлаа.

Тухайлбал, өнгөрсөн 1980-1990-ээд онд тус ордон дэргэдээ хүүхэд залуучуудын 10 гаруй хамтлаг, чуулга ажиллуулж, секц дугуйлангаас МУГЖ 12, спортын мастер зэрэгтэй тамирчин 100 гаруй төрөн гарсан байна. Тиймдээ ч өнөөдөр ойн баяр дээр энгэрээрээ дүүрэн одон медаль “гялалзуулсан” ахмадууд, урлаг соёлын томоохон төлөөллүүд баярлан цэнгэж, дуу хуураар МҮЭСТО-г доргиолоо.

Түүнчлэн өнөөдөр МҮЭСТО-ны үе үеийн ажилчин, ажилтануудын 40 жилийн хугацаанд хийж бүтээсэн олон мянган ажил арга хэмжээний  товчоон болгож   “Хөгжил дагуулсан 40 жил” үзэсгэлэнгээ үзэгч олон түмэндээ дэлгэлээ.  Хоёр нийгмийн нүүр үзсэн ч 40 жилийн хугацаанд нэг ч өдөр соёл урлагын үйл ажиллагааныхаа галыг таслаагүйн илрэл болсон үзэсгэлэнд нийт 200 гаруй нэр төрлийн 3000 гаруй материалуудыг олон түмэнд  дэлгэн тавьжээ. Үүнд, фото зураг, үе үеийн ажилтнууд хүмүүсийн дурдатгал яриа, соёлын бие даасан ажлуудын сценари, удирдамж, билет, төлөвлөгөө болон техник тоног төхөөрөмжүүдийн бодит үзүүлэн үзмэрүүд багтаж байгаа аж.

МҮЭСТО-ны дэд захирал Ц.Мөнхбаяр: Энэхүү ордон бол МҮЭ-ийн гишүүдэд барьж бэлэглэсэн “бэлгийн” ордон юм

-Юуны өмнө МҮЭСТО түүхт 40 жилийнхээ ойг өргөн дэлгэр тэмдэглэж байгаад баяр хүргэе. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. МҮЭСТО үүд хаалгаа нээж, ард иргэддээ үйлчилж эхлээд 40 жилтэйгээ золгож байна. Өнөөдөр манай нийт ажилтнууд болон ажиллаж байсан үе үеийн ахмадууд, уран бүтээлчид, үйлдвэрчний эвлэлийн гишүүд, үзэгчиддээ түүхт 40 жилийн ойн баярын мэнд хүргэе. Манай ордон бол анх 1971 онд шаваа тавьж, 1975 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр ард түмэндээ үүд хаалгаа нээж, соёл урлаг, улс төр зэрэг олон салбарт шинэчлэлт хийж чадсан.

Энэхүү ордон бол Бүх холбоодын үйлдвэрчний эвлэлээс МҮЭ-ийн гишүүдэд барьж бэлэглэсэн “бэлгийн” ордон юм.

-Анх байгуулагдсан цагаасаа өдийг хүртэл ямар бүтээн байгуулалт, шинэчлэлүүдийг хийсэн бэ?

-СТО бол энэ хугацаанд соёл урлагийн салбарт маш үнэтэй хувь нэмрийг оруулсан соёл урлагийн ууган байгууллагуудын нэг. Үүнээс гадна спорт, соёл урлагийн иж бүрэн цогцолбор байгууламж юм. Тэр ч утгаараа олон төрлийн тэмцээн уралдаан, сонин содон арга хэмжээнүүдийг зохиож ирсэн. Мөн бид ойгоо угтаж нэлээдгүй олон ажлыг зохион байгуулж, гүйцэтгэсэн.

-Тухайлбал ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?

-Ордныхоо засвар, шинэчлэл, тохижилтыг ажлуудыг хийсэн. Мөн хүүхэд багачуудын дунд “Бяцхан ханхүү” уралдаан “Од ширээний теннис”-ний олон хотуудын тэмцээн, “Цагаан бэрс” болон “Мини шатар” шатрын тэмцээнүүдийг, ахмадууддаа “Мэндийн цэнхэр хадаг” тоглолт, “Дэмбээ” наадмуудыг тус тус зохион байгуулсан. Харин нийт хөдөлмөрчин олныхоо дунд “Ажилтны урлагийн IV их наадам”, “Хошин урлагийн нэгдсэн тоглолт” Баянгол дүүргийн зорилтот бүлгийн иргэддээ сэтгэлийн баяр баясгалан бэлэглэх үүднээс  “Эмоц продакшн”-ны тоглолыг үнэ төлбөргүй тоглуулах зэргээр нийгмийн хариуцлагаа  ухамсарлан олон арга хэмжээгээр ойн баяраа тэмдэглэж байна.

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд: Соёлын хамгийн том төв болж чадсан амжилтаар ойгоо угтаж байна

-МҮЭСТО-г анх байгуулагдсан цагаас нь эхлэн Монголын урлагийн, тэр дундаа мэргэжлийн урлагийн байгууллагууд энэхүү тайзнаа уран бүтээлээ туурвиж, үзэгчдийн хүртээл болгож байлаа. Мөн Монгол Улсын нүүр царайг олон улсад сурталчлах олон арга хэмжээ зохиогддог байж. Тиймээс соёл урлагийн хөгжилд маш үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага хэмээн үнэлдэг.

Бид хамтарч ажилладаг сайхан хамт олон. Түүнчлэн 40 жилийн өмнөхийг өнөөдрийн түвшинд авч үзвэл, бүр мэргэжлийн түвшинд соёлын хамгийн том төв болж чадсан амжилтаар түүхт ойгоо угтаж байгаад баяртай байна.

Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Дашзэвэг: Ардчиллыг өлгийдөж авсан газрын нэг юм

-Би бол МҮЭСТО-той шууд холбоотой уран бүтээлч хүн. Социализмын үед “Улс төрийн бөмбөрцөг” гэдэг клубыг эрхэлж байлаа. Энд бол хүүхэд залуучуудад дэлхий дахины, олон улсын амьдралыг таниулдаг байсан юм. Бас энэхүү ордон бол ардчиллыг өлгийдөж авсан газрын нэг гэж үздэг. Учир нь Ардчилсан намын анхны их хурал МҮЭСТО-д болоход би МҮОНРТ-ын сурвалжлагчаар ажиллаж, тэр үеийн дарга нар цонхоороо гарц, гадаа нь жагсаал цуглаан болж, их хөдөлгөөнт үйл явдал болж байсны амьд гэрч нь болж үлдсэндээ баяртай байдаг.

Мөн түүнээс хойш үйлдвэрчний эвлэлүүдийн төв ордны тайзан дээр олон удаа өөрийнхөө дуу, шүлгээ үзэгчдийн хүртээл болгож байлаа. Тэр үед хамт ажилладаг байсан найзууд олон байсны нэг нь УГЗ, хөгжлийн зохиолч Т.Насанбуян бид хоёр олон дуу хамтарч туурвисан. Өнөөдрийн энэхүү МҮЭСТО-ны ойтой хамт бид хоёрын уран бүтээлийн ой давхцаж байгаагаараа онцлог юм.

Эцэст нь хэлэхэд, МҮЭСТО-ны 40 жилийн түүхт ой бол Монгол Улсын оюун санаа, урлагийн салбарын, улс төрийн салбарын нэгэн чухал ой юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД