Мэдээллийн технологийн ”Оны хүн”-ийг шалгаруулна

2015 оны 11 сарын 04

Мэдээллийн технологийн оны хүнийг шалгаруулна. Тодруулбал, мэдээлэл холбооны технологийн өнөөгийн хөгжил, ололт нь дэлхий даяар эдийн засаг, хүний нийгмийн хөгжлийг дэмжигч гол хүчин зүйл болж, бидний амьдралд салшгүй хэсэг болон улам ихээр нэвтэрсээр байгаа билээ. Энэ цаг үетэй уралдан “Монголын Хөгжлийн Гарц” (МХГ) төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр дөч гаруй жилийн түүхэн замнал бүхий мэдээллийн технологийг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, мөн оруулсаар ч байгаа хувь хүнийг сонгон шалгаруулж, олон нийтэд таниулан алдаршуулах зорилгоор Мэдээллийн технологи (МТ)-ийн “ОНЫ ХҮН” шалгаруулалтыг арван хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Шалгаруулалтыг энэ сарын 2-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд нээлттэй явуулна. Байгууллага, хувь хүн нэр дэвшүүлж байгаа хүнийхээ талаар тухайн номинацид тохирсон тодорхойлолтын маягтыг бөглөж ажлын албанд албан бичгээр буюу э-шуудангаар ирүүлнэ. 

Доорх есөн чиглэлийн номинацид холбогдох мэргэжлийн болон дэмжих үйл ажиллагааг 2015 онд амжилттай явуулсан, явуулж буй хувь хүний нэрийг дэвшүүлэн шалгаруулна:

  1. Манлайлагч МТ-ийн салбарын ажил үйлчилгээ эрхэлдэг байгууллагын удирдах ажилтан

  2. Програм зохиогч Компьютерийн бүх төвшний програм, мэдээллийн бааз, вэб хуудас зохиогч

  3. Судлаач Их, дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, бие даасан судлаач, эрдэмтэн

  4. Инженер Микропроцессорын удирдлагатай тоног төхөөрөмж зохион бүтээгч-инженер, электроник, автоматжуулалт болон сүлжээний инженер

  5. Техникч Админ, операторч, техникч, эрдэм шинжилгээний туслах ажилтан

  6. Анхдагч МТ-ийн салбарыг Монголд үүсч хөгжихөд хувь нэмрээ оруулсан, анх удаа МТ-ийн техник, технологи нэвтрүүлсэн хувь хүн, зохион байгуулагч (Энэ номинацид он хамаарахгүй)

  7. Бизнесмэн-дэмжигч МТ-ийн бус салбарт МТ-ийг хамгийн үр дүнтэй нэвтрүүлдэг ажил хэрэгч хүн

  8. Түшээ-дэмжигч МТ-ийг хамгийн сайн дэмждэг төрийн ажилтан, албан хаагч, УИХ-ын гишүүн

  9. Гадаад-дэмжигч МТ-ийг хамгийн сайн дэмждэг гадаад улсын иргэн, олон улсын байгууллагын ажилтан

Шалгаруулалт: Оны хүнийг шалгаруулах үйл ажиллагаа нэр дэвшүүлэх, урьдчилсан сонгон шалгаруулалт, төгсгөлийн сонгон шалгаруулалт гэсэн гурван үе шатаар явагдана. Ажлын албанд хүлээн авсан огноог баримтлан хугацаанаас хоцорсон тодорхойлолт, саналыг сонгон шалгаруулалтанд оруулахгүй.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД