”Төрөх эмнэлэг барих 9.7 тэрбум төгрөг хаашаа орсныг шалгуулах хүсэлт тавьсан”

2015 оны 11 сарын 04

“Төрдөггүй” төрөх эмнэлгийн асуудал үргэлжилсээр байна. Чухам хэзээ ашиглалтад орж, олон мянган нялхсыг өлгийдөн авах нь таашгүй. Анх нийслэлийн дөрөвдүгээр амаржих газар буюу хүүхэд, эмэгтэйчүүдийн нэгдсэн төвийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагт барихаар 2010 оны арванхоёрдугаар сарын 30-нд шав тавьсан ч өнөөдрийг хүртэл ажлын гүйцэтгэл 50-60 хувьтай л явж байгаа. 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 300 ортой, орчин үеийн төрөх эмнэлэг байгуулахаар төлөвлөж, зураг төсөл нь гарсан ч өдийг хүртэл царцаасаар байна.

Мөн 2015 оны гуравдугаар сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусгаж, энэ ондоо багтааж ашиглалтад оруулна хэмээн Засгийн газрын аравдугаар байрыг 6.7 тэрбум төгрөгөөр Хаан банкинд худалдаж, Эрүүл мэнд, спортын яаманд шилжүүлж байсан ч барилгын ажлыг одоог хүртэл эхлүүлээгүй байна. Тиймээс “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас барилгын ажлыг яаралтай эхлүүлэхийг шаардсан албан бичгүүдийг холбогдох газруудад хүргүүлжээ.

Тус ТББ-ын хувьд “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хүмүүнлэгийн аяныг өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн бүх орон даяар өрнүүлж байгаа бөгөөд Нийслэлийн IV төрөх эмнэлгийн царцаагдсан барилгыг ашиглалтад оруулах хугацааг түргэсгэх зорилготой аж. Төсөл хэрэгжсэнээр Хан-Уул дүүргийн нийт иргэдэд эмнэлгийн тусламжийг цогцоор нь хүргэх клиникийн нэгдсэн IV төв эмнэлэг болох юм байна.

Түүнчлэн энэ сарын 21-нд UB Palace-д рок, поп бүх оддын хандивын тоглолтыг зохион байгуулах ба билетийн үнэ 15 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Ийнхүү тус аяныг санаачлагч Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлгийн мэдээгүйжүүлэлт, сэхээн амьдруулах, эрчим эмчилгээний эмч О.Энхмаагаас цөөн зүйлийг тодрууллаа.

-“Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” аяны гол зорилго юу вэ?

-Монгол Улс маань гурван сая хүн амтай болсон. Үүнээс зөвхөн нийслэлд сая 300 мянган хүн амьдардаг байтал улсын дөрөвхөн төрөх эмнэлэгтэй учир ачааллаа дийлэхгүй, амаржсан эх эмнэлэгт гурваас тав хонох ёстой байтал ганц хонуулаад л эмнэлгээс гаргадаг болж. Энэ нь эх нярайн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс 2010 онд баригдаж эхэлсэн ч царцаагдсан байгаа нийслэлийн IV төрөх эмнэлгийн барилгын ажлыг түргэсгэх шаардлага тулгараад байгаа. Иймээс “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” аяныг өрнүүлээд байна.

-АТГ-т барилгын ажилд хөрөнгө оруулах байсан ес гаруй тэрбум төгрөг яагаад дутсаныг шалгуулах хүсэлт тавьсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-IV төрөх эмнэлгийн барилга ХУД-ийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт 2.4 га газарт 32277 м2 талбайг нэг м.кв-ыг нь 565.000 төгрөгөөр бодогдож, Улсын төсвөөс 18 тэрбум 707 сая төгрөгийг бүрэн гаргасан. Одоогийн барилгын явц 50-60 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа гэж үзвэл 9.1 тэрбум төгрөг барилгад шингэж, үлдэгдэл 9.7 тэрбум төгрөг хаашаа орсныг тодруулахаар хүсэлт тавьсан ч одоог хүртэл хариу өгөөгүй байгаа.

-Барилгын ажлыг түргэсгэхээр хандивын тоглолт зохион байгуулж байгаа. Тоглолтод ямар дуучид ирж тоглох вэ?

-МУГЖ Ж.Уранчимэг, Э.Бүрнээбаяр, Д.Энхзул, МУСТА Л.Нарантуяа, П.Хэрлэн, Т.Амина, Д.Отгончимэг, П.Баярцэнгэл, А.Хишигдалай, Ц.Болорцом, Ч.Очгэрэл болон уран нугаралтын “Дэлбээ” хамтлаг, “Хөсөгтөн” хамтлаг, бүжгийн “Хатан туул”, “Moon dance” хамтлагууд, “Хар сарнай”, “Шанз 3”, “Мотив”, “Uvertura” хамтлагууд ирж уран бүтээлээ өргөн барина.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.112.155 Hulgai
59.153.112.155 Дээрхи хандивын тоглолтын үзвэрийн хугацаа хойшлогдож 12-р сарын 06-ны 19 цагаас тоглох болсныг уламжилъя. Та бүхнийг эрүүл мэндийнхээ ирээдүйд хөрөнгө оруулах энэ тоглолтонд хүрэлцэн ирж, тухлан үзэхийг урьж байна.
  • 2015 оны 12 сарын 01