Амралтын өдрүүдэд ”Дугуйн марафон” болно

2015 оны 11 сарын 04

Энэ амралтын өдрүүдээр “Дугуйн марафон” зохион байгуулагдана. Тус марафонд оролцогчид "Их эзэн Чингис хаан"-ын нэрэмжит талбайгаас гараанд гарч,  Энхтайваны гүүр – 120 мянгат - Зайсан – Их тэнгэр – Маршалын гүүр – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэсэн чиглэлд нийт найман км замыг туулж барианд ирэх юм. Насны хувьд бусад дугуйчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр оролцож чадах эрэгтэй, эмэгтэй залуус, 14-өөс дээш насны хүүхдүүд эцэг, эхийн хамт оролцож болно. Оролцогч нь моторт болон зайгаар ажилладаг дугуйгаар оролцож болохгүй бөгөөд бусад төрлийн дугуйгаар оролцож болно гэдгийг зохион байгуулагчид хэллээ.

Мөн дугуйн тормос, бусад эд ангиуд нь бүрэн ажиллагаатай байх шаардлагатай бөгөөд шаардлага хангаагүй дугуйтай оролцогчийг гараанд гаргахгүй ажээ. Уг марафонд оролцох хөдөө, орон нутгийн баг тамирчид болон иргэд тээврийн бүх зардлаа өөрсдөө хариуцна. Энэ үеэр Сонирхогчдын дугуйн тэмцээнийг  зохион байгуулах бөгөөд бага насны хүүхдүүдийг 3-4 нас /50 метр/, 5-6 нас /50 метр/, 7-8 нас /100 метр/, 9-10 нас /500 метр/, 11-12 нас /1000 метр/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр, Өсвөр үе, залуучуудыг 13-14 нас /3 км-1 тойрог/, 15-16 нас /3 км-1 тойрог/, 17-18 нас /6 км-2 тойрог/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр тойргоор уралдуулах хэлбэрээр  зохион байгуулах аж.

Харин насанд хүрэгчдийн тэмцээн ням гарагийн 11:00 цагаас  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 19-39 нас /9 км-3 тойрог/, 40-49 нас /6 км-2 тойрог/, 50-59 нас /3 км-1 тойрог/, 60-дээш нас /3 км-1 тойрог/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр болно. Сонирхогчдын дугуйн тэмцээнд оролцогчид зөвхөн уулын дугуй болон ердийн дугуйгаар оролцоно. Оролцох хүүхэд, залуучууд, иргэд, хөдөө, орон нутгийн тамирчид, болон багууд оролцогчдынхоо тээврийн бүх зардлыг өөрсдөө хариуцна.Харин "EXTREME Trial”-ын үзүүлбэр, тэмцээн  2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цагдаагийн хөшөөтэй талбайд эхлэх юм. Түүнчлэн Монголын дугуйн холбооны лицензтэй тамирчдын тэмцээн" 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ням гарагт 15-16 нас /9 км-3 тойрог/, 17-18 нас /12 км-4 тойрог/,    19-34 нас /15 км-5 тойрог/-ны ангиллаар, ахмадууд 35-45 нас /12 км-4 тойрог/, 46-55 нас   /9 км-3 тойрог/, 55-аас дээш нас /9 км-3 тойрог/-ны ангилалаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр болно. Лицензтэй тамирчдын тэмцээнд зөвхөн засмал замын дугуйгаар оролцоно. Тэмцээнд оролцох иргэд тамирчдын бүртгэлийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн өдөр бүр 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын байранд Монголын дугуйн холбооноос томилогдсон нарийн бичиг бүртгэнэ. Бүртгүүлэх хүүхдүүд төрсний гэрчилгээний лавлагаа /ТҮЦ машинаас/, иргэд ба тамирчид иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлэх юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД