Автобусны буух хаалганд карт уншуулахгүй бол хөнгөлөлт эдлэхгүй

2015 оны 11 сарын 04

Нийтийн тээврийн үйлчилгээний дамжин суултын хөнгөлөлтийн асуудлыг НИХТ-ын зургадугаар хурлаар шийдвэрлэсэн бөгөөд энэ сарын 07-ны өдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжих эхлэх билээ.

Дамжин суултын хөнгөлөлт нь зөвхөн “U money” картаар хөнгөлөгдөх бөгөөд энэ нь энгийн, хүүхдийн, хөнгөлөлттэй зорчигчийн карт бүгд хамаарна. Картаа уншуулахад дамжин суултын хөнгөлөлт эдлэх тохиолдолд тусгай дуут дохио дуугарна.

Иймд нийтийн тээврээр үйлчлүүлж буй зорчигчид дамжин суухдаа хэд хэдэн нөхцөлийг анхаарах ёстой аж.

  • Автобусанд сууснаас хойш 30 секундын дараа картыг уншуулах /буух/ боломжтой болох бөгөөд 30 секундын дотор эргэн буух тохиолдолд хөнгөлөлтийн эрх идэвхжихгүй.
  • Эхний автобуснаас буухдаа арын хаалганд картаа заавал уншуулах ёстой бөгөөд арын хаалганд картаа уншуулсан хугацаанаас дараагийн автобусны орох хаалганд картаа уншуулах хүртэлх хугацаа 30 минутаас бага байх ёстой.
  • Дамжин суултын хөнгөлөлтийг эдэлсний дараа дахин суухад энгийн тарифаар төлбөр төлөгдөнө. Дахин дамжин суултын хөнгөлөлт эдлэхийн тулд эхний хөнгөлөлт эдэлсэн хугацаанаас хойш дөрвөн цагийн дараа дамжин суухад хөнгөлөлт эдлэх боломжтой болно.
  • Олон хүний төлбөр төлсөн картын тухайд дамжин суухдаа ижил тоогоор дахин уншуулах эсвэл карт эзэмшигч ганцаараа уншуулсан тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, гурван хүний төлбөрийг нэг картаар төлж зорчоод дахин дамжин суухдаа дахин гурван хүний юм уу эсвэл нэг хүний төлбөр төлөхөд л хөнгөлөлт эдэлнэ. Харин өөр тоогоор буюу хоёр хүний төлбөр төлөхөд хөнгөлөлт эдлэхгүй.
  • Нэг чиглэлийн автобуснаас буугаад эргээд тэр чиглэлийн автобусандаа суух тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй. 
  • Буух хаалганд картаа уншуулаагүй тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй ба дамжин суух хугацаа 30 минутаас хэтэрсэн тохиолдолд хөнгөлөлт эдлэхгүй аж.
  • Дамжин суултын хөнгөлөлтийн хэмжээ нь энгийн карт 500 төгрөг, хүүхдийн карт 200 төгрөг байна. Өөрөөр хэлбэл автобусны үнэ 500 төгрөг байх үед бүрэн хөнгөлөгдөнө. Харин автобусны үнэ жишээ нь 700 төгрөг байвал 500 төгрөг хөнгөлөгдөж 200 төгрөгийн төлбөр төлөлт хийгдэнэ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД