”Улс хоорондын хамтын ажиллагааны үндэс суурь нь иргэд хоорондын харилцаа юм”

2015 оны 11 сарын 03

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Словакийн найрамдлын бүлгийн дарга Ж.Батсуурь нар өнөөдөр Бүгд Найрамдах Словак Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Франтишек Длхополчек тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэрээ УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ноён Франтишек Длхополчек Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнагдсан болохыг дуулгаад уг медалийг гардуулав.

Мөн энэ үеэр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Элчин сайд Франтишек Длхополчектай уулзаж буйд баяртай байгаагаа хэлээд, Монгол Улс гуравдагч хөрш Европын Холбоо, тэр дундаа Словак Улстай хөгжүүлж буй хоёр талын харилцаандаа ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд цаашид энэхүү уламжлалт найрсаг харилцаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хөдөө аж ахуй, боловсролын салбарт хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэхийн сацуу аливаа улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь нь иргэд хоорондын харилцаа болохыг онцолжээ.

Харин Ноён Франтишек Длхополчек УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж болон УИХ дахь Монгол-Словакийн найрамдлын бүлгийн дарга Ж.Батсуурийг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Бүгд Найрамдах Словак Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж, бүрмөсөн нутаг буцах болсныг дуулгав. Тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сайн түвшинд хөгжиж байгаад баяртай байгаагаа тэмдэглээд хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлал болон парламент хоорондын харилцаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД