Р.Жигжид: Бөөний үнийг литр тутамд 300 орчим төгрөгөөр бууруулсан

2015 оны 10 сарын 30

Уул уурхайн яамны мэдээлснээр энэ оны эхний есөн сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 33.1тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 24.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 3.5 тэрбум төгрөг, бусад орлого 5.0 тэрбум төгрөг байгаа аж.

Харин Газрын тосны газар нийт 132.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн бол үүнээс газрын тосны орлого 128.8 тэрбум төгрөг, бусад орлого 3.6 тэрбум төгрөгийг эзэлж байгаа юм.

Мөн Уул уурхайн сайдын багцын орлого нийт 165.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна. Тухайлбал, Уул уурхайн сайдын багцын  ирэх оны орлого 272.2 тэрбум төгрөгөөр батлагдсан бөгөөд Сангийн яамнаас 302.2 тэрбум төгрөгөөр буюу 30.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн УИХ-д өргөн бариад байна. Үүнээс 263.2 тэрбум төгрөг буюу 87.1 хувь нь газрын тосны орлого,  29.2 тэрбум төгрөг буюу 9.7 хувь нь Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс орох орлого байна. Уул уурхайн сайд Р.Жигжид болон холбогдох газрын дарга нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг энэ жилд гурван удаа өргөн барьж байна. Үүний ач холбогдол юунд оршиж байгаа юм бэ?

-Стратегийн ордын хувьд УИХ-аар хувь хэмжээг нь тогтоодог. Гацууртын ордыг дахин дахин өргөн барьж шийдүүлэхээр зорьж буйгийн гол шалтгаан нь ашиглалтад хамгийн сайн бэлдсэн орд юм. Үүнийг бол гар аргаар буюу бичил уурхайн аргаар олборлох боломжгүй. Өнөөдрийн эдийн засгийн байдал хүндрэлтэй үед алт гэдэг бүтээгдэхүүний үр өгөөж, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнүүдтэй харьцуулшгүй юм.

Тиймээс энэхүү ордыг ашиглах зорилтыг тавиад байгаа. Сүүлийн саруудад хууль бусаар алт олборлогчид дайрч орж, бидний хамгаалах гээд байгаа газрыг сэндийчсэн хууль бус ажиллагаа газар аваад байна. Ийм учраас бид хууль цаазтай улс орон учир хуулийн дагуу бүх үйл ажиллагаагаа явуулах ёстой.

Тодруулбал, ёс журмын дагуу олборлож, улсад татвараа төлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай юм. Харин ашиглах эсэхийг нь УИХ шийднэ. Уул уурхайн яамны зүгээс хоёр сарын хугацаанд хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийсэн. Үндсэндээ төр хувийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордыг хамтран ашиглах тохиолдолд 34 хүртэлх хувь эзэмших хуулийн заалт бий. Үүнийгээ ч хөрөнгө оруулагч талтай тохиролцож чадсан.

Улмаар ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг гурван хувь байхаар тохирсон. Алтны үнээс хамаарч гурван хувь нь өөрчлөгдөж болох бөгөөд уг өөрчлөлтийг Засгийн газраас зөвшөөрсний дагуу шийдвэрлэх юм.

-Газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр буурах хандлагатай байхад манай улсад эсрэгээрээ өсөх хандлагатай байна. Үүний шалтгаан нь юу вэ?

-Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээр 100 хувь гаднын хараат байдаг улс.  Жилд сая орчим тонн түүхий нефт олборлодог болсон боловч түүний боловсруулж чадахгүй байгаа. Боловсруулж, дотоодын хэрэгцээнд бүтээгдэхүүн болгож ашиглаж чадахгүй байна. Хоёрдугаар, энэ бол стратегийн бүтээгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл, тасалдах, хомсдох, үнийн хэт хөөрөгдөл нь ард түмний амьжиргаанд шууд нөлөөлдөг. Тиймээс гадаад зах зээлийн хөдөлгөөнийг сайтар ажиглаж, болгоомжтой хандсаар ирсэн.

Үндсэндээ жижиглэнгийн үнэ гэдэг бол хилийн үнэ дээр нэмэх нь татвар, үйл ажиллагааны зардал, компанийн ашиг зэргээс бүрддэг. Тэгэхээр бид дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буураад ирэхээр татвараар улсын төсвийн орлогыг нэмэгдүүлж, эргээд иргэдэд төсвөөр хуваарилж тараах зарчмаар ажиллаж байгаа. Энэ онд улсын онцгой татварыг нэмэгдүүлснээр 252 тэрбум төгрөгийг төсөвт оруулахаар тооцсон.

Түүнчлэн аж ахуйн нэгжүүд, том хэрэглэгчид агуулахаас газрын тосыг бөөнөөр нь авдаг. Бөөний үнийг литр тутамд 300 орчим төгрөгөөр бууруулж чадсан. Энэ нь аж ахуйн нэгжүүдээ дэмжиж буй нэг хэлбэр юм.

Түүнчлэн энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Батбилиг хэлэхдээ “Ордын нүүрсний олборлолтыг түр зогсоогоод байгаа. Энэ нь нүүрсний нөөцийн хэмжээ хангалттай хэмжээнд буюу 2.5 орчим сая тонн-д хүрээд байгаатай холбоотой. Мөн арванхоёрдугаар сард багтаан баруун, зүүн цанхийн олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байгаа” хэмээлээ.