Үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ ӨМӨЗО-ын зах зээлд танилцууллаа

2015 оны 10 сарын 28

600 гаруй нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнийг ӨМӨЗО-ы зах зээлд танилцууллаа. Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ын хүрээнд “Монгол-Хятадын анхдугаар экспо”-г  ӨМӨЗО-ы Хөх хотноо амжилттай зохион байгуулсан нь энэ.

Тус экспод аж үйлдвэр, эрүүл мэнд, соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарын нийт 800 гаруй төлөөлөгч оролцов. Үүнээс   үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч 230 гаруй  аж ахуй нэгжийн  400 орчим  төлөөлөгч дотооддоо  үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг ӨМӨЗО-ы зах зээлд танилцуулсан юм. Харин зохион байгуулагч талаас нийт 7500 гаруй төлөөлөгч анхдугаар экспод оролцлоо. Энэ сарын 22-нд соёлын солилцооны арга хэмжээгээр эхэлсэн анхдугаар экспоны хүрээнд аж үйлдвэр, боловсрол, шинжлэх ухаан, уул уурхай, эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр 18 салбар хуралдаан зохион байгуулагдаж, нийт 100 гаруй гэрээ, хэлэлцээр, санамж бичигт талууд гарын үсэг зурсан юм. Тухайлбал, “Монгол-Хятадын худалдаа, аж үйлдвэрийн дээд хэмжээний уулзалт”, хоёр улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны уулзалт, хил дамнасан чөлөөт бүс байгуулах тухай дугуй ширээний уулзалт зэрэг өндөр ач холбогдол бүхий хуралдаанууд энэ өдрүүдэд болж өнгөрлөө.

“Монгол-Хятадын анхдугаар экспо”-г нээж хэлсэн үгэндээ Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүнээ сурталчлахаас гадна соёл урлаг, зан заншил, уламжлалт ёс, эрүүл мэнд, урлаг спорт, аж үйлдвэр, худалдаа, дэд бүтцийн салбарт олсон ололтоо танилцуулан сурталчилах, эдгээрт тулгуурлан худалдаа, бизнесийн түншлэлийн харилцаа тогтоох, өргөтгөх, шинэ түншлэл, хэрэглээг бий болгох, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршиж байна” хэмээн онцолсон юм. Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр”-т хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой. Манай улсын “Талын зам” төслийг Ази, Европыг холбох “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлага болон Евразийн эдийн засгийн холбоотой уялдуулж, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай тохиролцож санамж бичиг байгуулаад байна. Эдүгээ дэлхийн нийт хүн амын 3/4 нь аж төрж буй, хуурай газрын 40 хувийг эзэлж, 88 улсыг хамарсан ЕврАзийг холбох “Шинэ торгоны зам” төсөлд Монгол Улс оролцоогоо тодорхойлсон, өргөн цар хүрээ бүхий өндөр ач холбогдолтой явдал боллоо хэмээн анхдугаар экспод оролцогчид дүгнэж байна. Монгол Улс цаашид дэд бүтцийн “манаач” байхыг хүсэхгүй. Гагцхүү эдийн засгийн коридор байгуулах, “Шинэ торгоны зам” зэрэг стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд ямар оролцоотой байхаа тодорхойлох нь чухал. Үүний тулд эн тэргүүнд аж үйлдвэржсэн орон болж хөгжих нь чухал юм. Ингэж гэмээнэ бид чөлөөт худалдаанд саадгүй оролцох, экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, зах зээлд нээлттэй оролцоотой байх зэрэг харилцан зохицуулах асуудлууд хүлээгдэж байгааг ч Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат анхдугаар экспоны үеэр тэмдэглэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД