Сураггүй болсон иргэн осгож амиа алджээ

2015 оны 10 сарын 28

Сураггүй болсон иргэн осгож амиа алджээ. Өнгөрсөн амралтын өдөр нийт нутгаар эрс хүйтэрч цасаар шуурсны улмаас нийслэлийн баруун, зүүн, урд хэсгийн авто замын нөхцөл байдал хүндэрч нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн тухай бүр шуурхай арга хэмжээ зохион байгуулж цасан шуурганд өртөж амь насаа алдахаас долоон иргэнийг авран хамгаалж ажилласан аж.

Харин Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны сангийн аж ахуйгаас иргэн  27 настай эрэгтэй өөрийн оршин суух Нарийний хэсэг /Партизанаас урагшаа 22 км зайд/ гэрлүүгээ явлаа гээд энэ сарын 25-ны өдрийн 22:00 цагийн орчим гараад сураггүй болсон тул хайж олж өгнө үү гэсэн дуудлагыг ар гэрийнхнээс нь энэ сарын 26-ны орой ирүүлжээ.

Дуудлагын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн 27-ны өдөр эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж 16 цагийн орчим Нарийний фермээс зүүн ургашаа гурван км газраас осгосон байдалтай амиа алдсан байсныг олжээ.

Цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдэл, цасан шуурга шуурах тухай мэдээллийг  тухай бүр мэргэжлийн байгууллагуудаас олон нийтэд сэрэмжлүүлдэг хэдий ч иргэд санамсар болгоомжгүй байдлаасаа болж ийнхүү амь насаа алдаж байгаа харамсалтай хэрэг гарч байна. Иймд иргэдийг цаг агаарын мэдээлэл, сэрэмжлүүлгийг хүлээн тохируулан аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД