Тархины харвалтаар өвчилсөн 15 сая хүний 10 сая нь хөдөлмөрийн чадваргүй болдог

2015 оны 10 сарын 28

Тархины харвалт дэлхий дахинд өвчлөл, нас баралтын тэргүүлэгч шалтгаан болоод байна. Харвалтын улмаас өвчтөний гар, хөл гүнзгий саажин, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдахын зэрэгцээ оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүйн үйл ажиллагаа эрс буурдаг. ДЭМБ-ын жил тутмын статистикийн мэдээгээр өндөр хөгжилтэй орнуудад тархины харвалтын үеийн нас баралт нийт үхлийн шалтгааны 13-15 хувийг эзлэн, зүрх судасны өвчин, хорт хавдрын дараа гуравдугаар байранд орсон хэвээр байгаа аж.

Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээнд жил бүр 15 сая тархины харвалтаар өвчилж байгаагаас таван сая хүн нас барж, үлдсэн 10 сая нь тахир дутуу үлдэж байна. Аймшигтай тоо байгаа биз. Зөвхөн Европын орнуудад гэхэд л жилд 650 мянган хүн харвалтын улмаас нас барж байгаа нь энэ эмгэг хэчнээн их эрсдэл дагуулдаг болохыг харуулна. Тэгвэл манай улсад тархины харвалт жилд дунджаар 100 мянган хүн тутмын 290-д тохиолдож, үүнээс 49 хүн нас барж байгаа нь дэлхийд өндөр өвчлөлтэй орны тоонд багтаж байгаа аж. Гэтэл манай улсад уг өвчнийг эмчлэх боломж бололцоо хомс бөгөөд харвалтын тасаг хүрэлцээгүйн улмаас харвалт өгсний дараа эмчлэгдэх боломж хомс хэмээн эмч нар хэлж байгаа.

Монголын харвалтын судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан -  Манай улс харвалт өвчний эрсдэлт өндөртэй орны тоонд багтдаг.  Учир нь дандаа давстай цай ууж, өөх тос, өрөм зөөхий иддэг. Үүн дээрээ нэмээд сүүлийн жилүүдэд хөдөлгөөн багатай болсны улмаас өртөх магадлал тун өндөр. Тухайлбал, монголын харвалт өгсөн 100 хүн тутмын 290 нь харвалтад өртөж, 49 нь нас барж байгаа. Тиймдээ ч бид “Харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж, ард иргэдийг энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийн тал дээр зөвлөгөө өгч ажиллаж байна.

Харвалт өгсний дараа эмчлэгдэх газар нь манайд хомс байна. III эмнэлэг дээр дэлхийн жишигт хүрсэн нэг тасаг байгаа бол I эмнэлэгт өөрсдийнхөө санаачлагаар байгуулсан нэг тасаг байдаг.

Харвалтын тасаг хүртээмжгүй байснаас болж хүмүүс эмнэлэгт очихгүй гэртээ байх, ажил дээрээ байх зэрэг асуудлууд гардаг. Тархи гурван цаг болоход л үхжиж эхэлдэг. Энэ хугацаанд арга хэмжээнд орж, эмчилгээ авахгүйгээс тахир дутуу болох, амь насаа алдах магадлал их байна. Тиймээс энэ нэгжийг аймаг, дүүргүүдэд байгуулах шаардлагатай байгаа.

Мөн бодлого боловсруулагчдад ойлгуулах, зориулалтын тасаг, тоног төхөөрөмж шаардлагатайг мэдрүүлэх хэрэгтэй байгаа. Үүнээс гадна харвалтын талаарх ажлыг дэмжих хэрэгтэй. Ард түмэн энэ талаар мэдлэг, мэдээлэлтэй болбол өөрийнхөө амь нас, гэр бүлийнхнийгээ аврах боломжтой юм.

Улсын III төв эмнэлгийн харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа – 100 хүн харвалтад өртөхөд 85 нь амьд үлддэг боловч дийлэнх нь хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуу болдог. 45 нь дахиж сэргэх боломжгүй болдог. Тиймээс энэ аюулт өвчний эсрэг үргэлж тэмцэж байх ёстой. Ялангуяа төр засгийнхан, бодлого боловсруулагчид харвалтыг эмчлэх олон газрыг бий болгох хэрэгтэй юм.

Бидний хувьд харвалтын тусламж үйлчилгээ цогц байх ёстой гэдэг бодлогыг барьдаг. Өвдсөн тохиолдолд түүний хөдөлмөрийн чадварыг хэрхэн хадгалж үлдэх вэ гэпэг тал дээр бид онцгой анхаарч ирсэн. Тухайлбал, харвалтаар өвдсөн хүний гуравны хоёр нь саажиж, гуравны нэгт нь харааны өөрчлөлт ордог. Ерөнхий ой тогтоолт мөн мууддаг.

Үүнтэй холбоотой тухайн хүний амьдралын чанар муудна, айл өрхөд сөргөөр нөлөөлнө, цаашид ядууралд хүрнэ гэсэн судалгааны баримт бий. Үүнийг үндэслээд тусламжийг яаж сайжруулах вэ гэдэгт их анхаарч байгаа.

Улсын III төв эмнэлэгт Харвалт ба зүрхний шигдээсийн тасаг байгуулагдсан. Энэ тасаг нь хамгийн сүүлийн үеийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд чиглэж байгуулагдсан. Бид улсынхаа хэмжээнд гол үйл ажиллагааг явуулж байна. Учир нь дүүрэг, аймаг, сумын хэмжээнд хийж чаддаггүй гуравдугаар шатлалын эмчилгээг хийдэг.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД