”Баянзүрх хайрхан”-ыг тахилаа

2015 оны 10 сарын 27

“Хамаг амьтны тусыг бодон газар лусын хорлол, ган зуд, аянга цахилгаан, аадар бороо, цаг бусын өвчин, салхи шуурга, гэнэтийн осол, хар цагаан хэл ам, урьдын үйлийн үр, өр төлөөс бүхнээс гэтэлгэж санасан хэрэг тус бүхнийг минь номын ёсоор бүтээж, сүлд хийморь, цог жавхааг бадраан буян хишгийг дэлгэрүүлж хайрла” хэмээн залбирдаг "Баянзүрх хайрхан"-ыгаа тахилаа. Тодруулбал, Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд бүтээн байгуулагдаж буй “Баянзүрх хайрхан”-ын тохижилтын ажлын нээлт өнөөдөр болж өнгөрсөн нь энэ. Нээлтийн арга хэмжээний үеэр Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг найман хийдийн 60 гаруй лам ном хурж, “Баянзүрх хайрхан”-ыг тахисан юм.
Ойн хүрээнд “Баянзүрх хайрхан” хүртэлх замыг сайжруулан засч, 1400 метр газарт явган хүний зам, шатыг хийсэн юм. Мөн хайрханы орой хэсэгт 100 хүний ном хурах зориулалтын талбайг хийж, гэрэлтүүлэг, амрах сандал, хогийн савыг байрлуулжээ. Түүнчлэн 50 гаруй авто машины зогсоолыг барьж, борооны ус зайлуулах даланг шийдэж, улиас, хайлаас зэрэг нийт 120 гаруй модыг тарьсан байна.
Дашрамд сонирхуулахад, “Баянзүрх хайрхан” нь нийслэл хотыг тойрон хүрээлдэг сүлд тахилгат дөрвөн уулын наран ургах зүгт, далайн түвшнөөс 1846 метрт оршдог нохой савдагтай их хайрхан юм. Намсрай бурханы нэг хор буюу дагуул сахиус, газар усны эзэн Цагаан өвгөн оршдог тул эд баялагийг эрхшээж сүлд хийморь, цог жавхааг дэлгэрүүлэн үйлс бүхнийг бүтээдэг хэмээн бэлэгшээж эрт үеэс эхлэн бидний өвөг дээдэс идээ будаа,  цай сүүний дээж, айраг цагаа өргөн тахин шүтэж ирсэн түүхэн уламжлалтай.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД