Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оноос 1.4 хувиар буурчээ

2015 оны 10 сарын 26

Монголбанкны гаргасан тайлангаас үзэхэд манай улсын мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын байдлаар 9934.5 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн сарынхаас 0.3 хувь, өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар буурсан үзүүлэлт аж.

Тухайлбал, мөнгөний нийлүүлэлтийн 52.2 хувийг төгрөгийн хадгаламж, 21.1 хувийг валютын хадгаламж, 12.1 хувийг төгрөгийн харилцах, 10.5 хувийг валютын харилцах, 4.1 хувийг хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө эзэлж байгаа юм байна. Тайлант сард төгрөгийн хадгаламжийн жилийн өөрчлөлтийн хурд өмнөх сарынхаас 6.2 нэгж хувь, хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгөнийх 3.1 нэгж хувь, гадаад валютын харилцахынх 0.4 нэгж хувиар тус тус өссөн бол төгрөгийн харилцахынх 5.2 нэгж хувь, гадаад валютын хадгаламжийнх 21.9 нэгж хувиар буурсан дүнтэй гарчээ.

Түүнчлэн мөнгөний үзүүлэлтүүдийн сарын өөрчлөлтийг авч үзвэл төгрөгийн хадгаламж 108 тэрбум төгрөгөөр өсч харин гадаад валютын харилцах 22.3 тэрбум төгрөг, төгрөгийн харилцах 26.9 тэрбум төгрөг, хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө 41.4 тэрбум төгрөг, гадаад валютын хадгаламж 47.4 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.

Харин мөнгөний нийлүүлэлт ийнхүү буурсны 3.4 нэгж хувийг гадаад валютын хадгаламж, -0.3 нэгж хувийг төгрөгийн хадгаламж, -0.9 нэгж хувийг төгрөгийн харилцах, -1.3 нэгж хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, -2.2 нэгж хувийг гадаад валютын харилцах тус тус бүрдүүлсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД