МАН дотроо хагаралдаж эхлэв үү

2015 оны 10 сарын 26

Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүд, дэмжигчид БЗД-ийн МАН-ын хорооны удирдлагууд үндсэн дүрмээ зөрчиж, намын гишүүдийг хагалан бутаргаж байгаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, БЗД-ийн МАН-ын хорооны дарга Н.Баярмөнх нь 2013 онд намын хорооны даргаар сонгогдсон өдрөөсөө эхлэн зохисгүй үйлдэл гаргаж, танхайрч эрүү үүсгэгдэн шалгагдан намын удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргажээ.

Мөн түүнчлэн өөрийг нь шүүмжилсний төлөө намд 30-40 жил үнэнчээр хүчин зүтгэж ирсэн гишүүдээс эхлээд идэвхи зүтгэлтэй залуусыг намаас хөөж, МАН-ын удирдах зөвлөлөөс гарч буй шийдвэрүүд дунд, доод шатанд очихдоо хэрэгжихгүй байгааг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Тиймээс дүүргийн намын хорооны бага хурлыг яаралтай хуралдуулахыг шаардаж байгаа аж. Энэ талаар БЗД-ийн МАН-ын 27 дугаар үүрийн дарга С.Буянзаяагаас тодрууллаа.

-МАН-ын удирдлагыг ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, намын гишүүдийг ойшоож үзэхгүй байна гэж үзэж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой тайлбарлахгүй юу?

-БЗД-ийн МАН-ын хорооны дарга Н.Баярмөнх албан тушаалд томилогдсоноосоо хойш зохисгүй үйлдэл гаргасаар ирсэн. МАН-ын үндсэн дүрэм бол бидэнд хууль болдог. Харин тэр хүн хуулиа дагаж мөрдөхгүй байгаа. Тодруулбал, тэрээр ИТХ-ын тэргүүлэгч Э.Бат-Амгалан нар нь ах дүү, хамаатан садан, найз нөхөд зэргээр дүүргийн намын хороог бүрдүүлж, зөвхөн тэдний дунд үйл ажиллагааг явуулж байна. Үүнээс гадна дүүргийн ИТХ-аар сонгогдсон боловч өнөөдрийг хүртэл дүүргийн иргэдийн хуралд нэг ч удаа суугаагүй. -Тайлан сонгуулийн хурлаа хийе гэсэн санал тавьж, намынхаа гишүүдийг хүндэтгээд хуралдаа суугаач гэсэн хүсэлт тавихад “Би бол ялсан үүрийн дарга, харин та нар ялагдсан 12 хэсгийн ахлагч. Хэсгийн ахлагч нараа аваад яваарай. Би та нартай хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ хэлье” гэж хэлсэн.

-Тайлан сонгуулийн хурлыг ойрын жилүүдэд огт хийгээгүй гэсэн. Энэ асуудлаар шаардлага хүргүүлсэн үү?

-Өнгөрсөн зургадугаар сард Нийслэлийн хяналтын хороонд 100 гаруй гишүүдийн шаардлагыг хүргүүлсэн. Намын дүрмээр бол хоёр жилд нэг удаа тайлан сонгуулийн хурлыг хийх ёстой ч сүүлийн 3-4 жилийн хугацаанд огт хийгээгүй. Тиймээс нийслэлийн хяналтын хороонд бичиг хүргүүлэхэд зургадугаар сарын 24-ний өдөр үүрүүдийн тайлан сонгуулийн хурлыг хийлгэх шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу аравдугаар сард дахин шаардлага тавихад өнгөрсөн зүйлийг авч хэлэлцэхгүй гэсэн хариу өгсөн.

-Хэрэв та бүхний шаардлагыг хүлээж авахгүй бол цаашид ямар арга хэмжээнүүдийг авах вэ. Намын гишүүнчлэлээсээ татгалзах уу?

-Үгүй. Бид намын гишүүнчлэлээсээ татгалзахгүй. Харин ч нам дотор болж буй зөрчил, дутагдлыг илрүүлж, үнэнчээр тууштай зүтгэх болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД