Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн IX чуулганд оролцогчид туршлага хуваалцав

2015 оны 10 сарын 22

Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн есдүгээр чуулга уулзалтад Монголын төлөөлөгчид анх удаа оролцсон билээ. Тэгвэл тус чуулганд оролцсон төлөөлөгчид эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүүлийн үеийн чиг хандлагын талаарх шинэ мэдлэг, туршлагаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнтэй хуваалцаж, дугуй ширээний уулзалт зохион байгуулжээ.

Чуулганд оролцогчид эрэн сурвалжлах сэтгүүлзүйн ач холбогдол сүүлийн үед улам бүр өндөрсөж буйг тэмдэглэж, мөн ажил үүргээ гүйцэтгэж буй сэтгүүлчдийг дарамтлах, мөрдөж мөшгих, хорьж хүчирхийлэх явдал дэлхийн өнцөг булан бүрт хэрээс хэтэрч буйг тэмдэглээд, “Сэтгүүлчийн аюулгүйн баталгааг шаардах тунхаг” бичгийг санал нэгтэйтээр баталсныг Монголын төлөөлөгчид мэдээлж, тунхаг бичгийг танилцууллаа.

Уг чуулганаар эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиг хандлага, хөгжил, хүндрэл бэрхшээл, авилга, зохион байгуулалттай гэмт хэрэг, банк санхүүгийн асуудал, хил дамнасан хүний наймааны асуудлаар  эрэн сурвалжлага хэрхэн хийх, эрэн сурвалжлах сэтгүүлзүйн шинэ хэрэглэгдэхүүн зэрэг сэдвийн хүрээнд нийт 170 салбар хуралдаан болжээ. Үүнд Монгол дахь хэвлэл мэдээллийн нөхцөл байдал, эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэх боломж бэрхшээлийн талаарх бие даасан салбар хуралдаан багтаж байсан нь онцлог байв. Энэхүү салбар хуралдааны үеэр Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор М.Мөнхмандах, олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлч Марк Лий Хантер нар илтгэл тавьж, оролцогчидтой санал солилцсон байна.

“Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд дэлхий дахинаа зардлаа танаж, орон тоогоо цомхотгож буй учир чанартай, даацтай сэтгүүлзүйн бүтээл хомсдож байна. Тийм учраас хараат бус, эрэн сурвалжлах сэтгүүлзүйн ач холбогдол хэзээ хэзээнээс өндөрсөж, энэ чиглэлээр дагнасан хэвлэл мэдээллийн болон ашгийн бус байгууллагууд дэлхийн олон оронд хүчээ авч байна” хэмээн Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал уулзалтын үеэр тэмдэглэв.

Монгол улсад хэвлэлийн эрх чөлөө төдийлөн сайнгүй, хэвлэл мэдээллийн зах зээлийн чөлөөт өрсөлдөөн сул байгаа хэдий ч, чанартай сэтгүүлзүйг эрхэмлэж буй шинэ залуу, эрч хүчтэй сэтгүүлчдийн нэгэн үе  бий болж байгаа, мөн хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг түүчээлэн манлайлж, сэтгүүлчдийг сургаж чадавхжуулдаг хараат бус төрийн бус байгууллага нэг бус байгаа нь Монголын сэтгүүлзүйд найдлага төрүүлж байна хэмээн Монголын салбар хуралдаан онцолсныг чуулганд оролцоод ирсэн төлөөлөгчид уламжиллаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД