”Монголын эдийн засаг хүнд байх үед БНСУ туслалцаа үзүүлж байсныг үргэлж санаж явдаг”

2015 оны 10 сарын 22

Монгол Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд өнөөдөр буюу энэ сарын 22-ны өдөр БНСУ-ын парламентын гишүүн, Хөдөлмөрийн намын конгрессын дарга хатагтай Ким Ён Жү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга М.Энхболд Монгол, Солонгос хоёр ард түмэн олон зуун жилийн турш харилцаж, хамтран ажиллаж ирсэн улсууд хэмээн тэмдэглээд манай хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш худалдаа, эдийн засаг, улс төр, нийгэм гээд бүхий л салбарт харилцан ойлголцож хамтын ажиллагаагаа өргөжүүлж буйд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Түүнчлэн "Монгол орны эдийн засаг хүнд хэцүү байх үед Бүгд Найрамдах Солонгос Улс дэмжлэг, туслалцаа үзүүлж байсныг бид байнга санаж байдаг. Мөн хоёр орны парламент түүний дотор Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа өргөжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэхийн сацуу БНСУ-ын парламентын гишүүнээр удаа дараа сонгогдож ирсэн хатагтай Ким Ён Жү өөрийн туршлагаасаа манай эмэгтэй улс төрчидтэй хуваалцана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Хариуд нь БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жү, УИХ-ын дэд даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархаад, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж буйд баяртай байгаагаа хэлээд цаашид улам бэхжүүлэхийн төлөө байдгаа илэрхийлэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД