Н.Золжаргал: Хөрөнгө оруулалтын сөрөг хүлээлт хэвээр байна

2015 оны 10 сарын 22

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд үг хэлсэн. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын дарга, УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын макро эдийн засгийн дунд, урт хугацааны “шинэ тэнцвэр”-ийг хангах, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилт бүхий төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаас санал авч УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байна.

Монгол Улсын эдийн засаг дэлхийн зах зээл дээрх уул уурхайн супер циклийн үед ашигт малтмалын үнэ, гадаадын хөрөнгө оруулалтаас хэт хамааралтай болж, энэхүү хамаарлыг бууруулах арга хэмжээ нь цаг хугацааны хувьд хоцорсон нь (уул уурхайн салбар дангаараа ДНБ-ийн 20 хувь, улсын төсвийн орлогын 40 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 хувь, экспортын орлогын 90 хувийг тус тус эзлэх хэмжээнд хүрч, улмаарэдийн засгийн бүтцийг олон тулгууртай болж төрөлжүүлэх боломжийг хязгаарлаж, төсөв, мөнгө, валютын бодлого хуримтлалыг бус хэрэглээг дэмжиж ирлээ.

Манай экспортын бүтээгдэхүүний үнийг ердөө хоёрхон жилийн дотор 2.3 дахин нэмэгдүүлж байсан уул уурхайн супер цикл унах мөчлөгтөө орж экспортын үнэ сүүлийн  жилүүдэд хоёр дахин буураад байна. Энэ нь хөгжиж буй орнуудаас хөрөнгийн урсгал гадагшилсан сүүлийн гурван жилийн үйл явцтай давхцан уул уурхайн хамааралтай хөгжиж буй орнуудын, ялангуяа нүүрс, нефть давамгайлсан экспортын бүтэцтэй эдийн засагт цочрол үүсгэж, макро эдийн засгийн бодлогод нь хүнд сорилт болж байна.

Тухайлбал, манай улсын хувьд (гадаад худалдааны нөхцөл муудах, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011-2012 онд нийт дүнгээр 9.0 тэрбум ам.доллараас 2014-2015 онд ердөө 0.4 тэрбум ам.доллар болж 22.5 дахин буурах, улсын төсвийн орлого их хэмжээгээр тасрах зэрэг сувгаар дамжин) эдийн засгийн бүх секторт сөргөөр нөлөөлж, 2013-2014 онд эдийн засгийн хос алдагдал богино хугацаанд ажилгүйдлийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтворгүй байдалд хүргэх эрсдэлийг бодитойгоор бий болгосон.

Энэхүү эрсдэлээс сэргийлэх, өрхийн бодит орлогын түвшинг хадгалах зорилтын хүрээнд (мөнгөний уламжлалт болон уламжлалт бус бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирлээ. Мөнгөний уламжлалт болон уламжлалт бус бодлогын хүрээнд) нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг 35 хувиас 0 хувьд хүргэж, эрэлтийн гаралтай инфляцийн дарамтыг өрхийн хуримтлал, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлснээр инфляци зорилтот түвшиндээ хүрч буурлаа.

(2012 онд 14 хувь байсан жилийн инфляци 2015 оны есдүгээр сарын байдлаар 4.9 хувь болж буурлаа. Оны эхнээс инфляци 2.6 хувь, валютын ханш 5.7 хувийн хөдөлгөөнтэй байгаа нь дотоодын санхүүгийн зах зээлд тогтворжих хандлага бий болж байгааг илэрхийлж байна.)

Энэ хугацаанд гадаад секторын сөрөг нөлөөллийг (төгрөгийн уян хатан ханш, гадаад валютын улсын нөөцийн аль алинаар нь дамжуулан) зөөлрүүлж нь макро эдийн засаг, түүний бүтцэд шаардлагатай тохиргоо хийгдэх цаг хугацааны боломжийг олголоо. Засгийн газрын зүгээс гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 45 хувиас 1.0 хувь болтлоо буурсан үед гадаад санхүүжилтийн хэрэгцээг багцын хөрөнгө оруулалт, гадаад зээллэгээр нөхөж ирсэн нь гадаад тэнцэл сайжрахад дэмжлэг боллоо.

Банкны салбарт зээлийн тасалдал үүсэх, системийн шинжтэй тогтворгүй байдал бий болохоос сэргийлэх зорилгоор макро болон микро зохистой бодлогыг шат дараатай арга хэмжээ авч, банкуудын төлбөрийн чадварыг хадгалахад хувьцаа эзэмшигчдийн оролцоог нэмэгдүүлэх, банк болон зээлдэгчдийн ханшийн эрсдэлийг бууруулах,  хязгаарлагдмал хадгаламжийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх, мөчлөг сөрсөн хяналт, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ. Цаашид банкны салбарын эрсдэл даах чадвар, санхүүгийн зуучлалын үйл ажиллагааны болзошгүй эрсдэлээс сэргийлэх ажлыг цаашид үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Өрхийн бодит орлогод ирэх ачааллыг зөөлрүүлэх, ажлын байрыг хамгаалах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх бодлогыг дэмжих хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ:

1/Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлж, (бүрдүүлж, өрх гэрийн бодит хуримтлалыг нэмэгдүүллээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2013 оны зургадугаар сараас хойш 74 мянган өрх 4.8 их наяд төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг 2.8 их наяд төгрөгийн ипотекийн зээлээр худалдан авсан байна. Хөтөлбөрийн үр нөлөөгөөр ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 2015 оны наймдугаар сарын эцсийн байдлаар 3.3 их наяд төгрөгт хүрч, үүний цаана 5.8 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны хөрөнгө бий болсон байна. Иргэд сар бүр дунджаар 27.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үл хөдлөх хөрөнгөнд оруулж, дундаж давхаргын хуримтлал жилд 400 орчим тэрбум төгрөгөөр дараагийн 10-15 жил тогтвортой нэмэгдэхээр байна. Өрхийн өнөөгийн болон ирээдүйн зардлын бүтэц, хэрэглээний хэв шинжид эерэг өөрчлөлт орж, хуримтлал нь нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн өсөлт эрэлтийн гаралтай инфляцийг өдөөхгүй байлгаж, дунд, урт хугацаанд инфляци нам, тогтвортой түвшинд байхад эергээр нөлөөлөх болно.)

2/ (Барилгын салбарын үйлдвэрлэл, нийлүүлэлтийг, тэр дундаа барилгын материалын дотоодын үйлдвэрлэл, барилга угсралтыг дэмжсэнээр) Уул уурхайн бус салбарт ажлын байрыг хадгалж, (Энэ салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, эдийн засгийн тэнцвэртэй өсөлтийг дэмжиж ирлээ. Энэ нь дунд, урт хугацаанд нийлүүлэлтийн болон гадаад зах зээлээс хамааралтай инфляци бага байхад  эергээр нөлөөлнө гэж үзэж байна).

3/ Гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн зарчимд суурилсан санхүүжилтийн шинэ тогтолцоог бүрдүүллээ.  (болох мах, гурил, шатахууны агуулахын нөөцийг хувийн хэвшлийн зээлээр санхүүжүүлэх зах зээлийн зарчимд суурилсан шинэ тогтолцоог санхүүгийн зах зээлд нэвтрүүллээ. Үүний үр дүнд эдгээр бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт нь улирлын нөлөөллөөс үл хамаарч тогтвортой байх нөхцөл бүрдэн, нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт буурч, эдийн засгийн хүндрэлтэй үед бага, дундаж орлоготой иргэдийн бодит орлогод ирэх ачааллыг зөөлрүүлж улмаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын боломжийг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.)

Дээрх бодлогын үр дүнд хэрэглээнээс хуримтлалд шилжих зарчмын эерэг өөрчлөлтүүд гарч, инфляци зорилтот түвшинд хүрч, төлбөрийн урсгал дансны алдагдал 3.4 тэрбум ам.доллараас 0.4 тэрбум ам.доллар болж буурч, (гадаад худалдаа 2006 оноос хойш анх удаа тэрбум ам.доллар) макро эдийн засгийн шинэ тэнцвэр”-ийн хүрээнд хос алдагдлын нэг нь тэнцвэржиж эхэлсэн тул дотоод тэнцвэрийг хангах зайлшгүй шаардлага тулгараад байна.

УИХ-ын дарга, УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Эдийн засагт зарим тохиргоо хийгдэж, инфляци бууран гадаад тэнцэл харьцангуй сайжирсан хэдий ч, макро эдийн засгийн “шинэ тэнцвэр”-ийг хангах боломжийг хязгаарлаж, эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлж болзошгүй дараах эрсдэлүүд хэвээр байна:

1/ Эдийн засгаас санхүүгийн эх үүсвэр алдагдаж байгаа өнөөгийн нөхцөл байдалд төсвийн тэлэх бодлогыг үргэлжлүүлбэл Засгийн газрын гадаад, дотоод өрийн дарамтыг нэмэгдүүлж, дотоодын хувийн хэвшил шахагдах, мөнгөний бодлогын орон зай хязгаарлагдаж эдийн засгийн идэвхжилийг дэмжих боломжгүй болж, цаашлаад эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна.

2/ Эдийн засгийн өсөлт саарч, бодит секторын идэвхжил суларсаар байгаа нь хувийн хэвшлийг агшуулах, зээлийн чанарыг бууруулах, банк, санхүүгийн салбарын активын чанар муудах, банкны салбарын бусад санхүүгийн зуучлалд саад учруулах, улмаар системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

3/ Эдийн засгийн гадаад орчин таагүй, тодорхой бус байдал үргэлжилсэн, хөрөнгө оруулалтын сөрөг хүлээлт хэвээр, хөрш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах, эрдэс баялгийн эрэлт сул, ам.долларын ханш дэлхийн голлох валютуудын эсрэг чангарах, уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай, хөгжиж буй орнуудаас хөрөнгө дайжих хандлага үргэлжлэх төлөвтэй байна.

Иймд макро эдийн засгийн “шинэ тэнцвэр”-ийг хангаж эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бүрдүүлэхийн тулд төрөөс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна:

1/УИХ-аас баталсан:

  • УИХ-ын 2014 оны тавдугаар сарын 34 дүгээр (Гадаад валютын орох урсгалыг сайжруулах, санхүү, эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх, төсвийн тогтвортой байдлыг хангаж, зохистой байдлыг нь дээшлүүлэх, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжил, хувийн хэвшлийг дэмжих, хөгжлийн зээл, санхүүжилтийг нэмэгдүүлэх, бүтцийн болон тогтолцооны шинэчлэлийг хийх агуулга бүхий);

  • Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх, дотоодын хуримтлалын тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэхийг даалгасан УИХ-ын 2014 оны 11 дүгээр сарын 69 дүгээр;

  • Макро бодлогын өөрчлөлтийн нэгдсэн төлөвлөгөө (CMAP), эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх тухай УИХ-ын 2015 оны хоёрдугаар сарын 41 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийг бүрэн гүйцэд хангах шаардлагатай байна.

2/Төсвийн бодлогын шинэчлэлийг ирэх оноос эхлэн хэрэгжүүлэхдээ улсын дотоод өрийг нэмэгдүүлэхгүй байх, төсвийн төлөвлөлтийг бодитой төлөвлөж, баталдаг байх, төсөв нэгдмэл шинж чанартай байх гэсэн 3 зарчмыг мөрдөх нь зүйтэй байна.

Эдгээр 3 зарчмыг баримтлан 2016 оны улсын төсвийн зардлыг 2015 оны гүйцэтгэлийн түвшинд барьж, төсвийн орлого, зарлагын бүтцийн шинэчлэлийг хийж, улсын өрийн тогтвортой байдлыг хангаснаар, хувийн хэвшлийг тэлж, эдийн засгийн өсөлтийг хангах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

3/ Эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх зорилтын хүрээнд хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын бүтээгдэхүүний өртгийн сүлжээг зах зээлийн зарчимд суурилсан тогтолцоогоор дамжуулан экспортын хүчин чадлыг өрсөлдөх чадварыг сайжруулах замаар нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.  

Тухайлбал, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг төрөлжүүлж, уул уурхайн бус салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийн экспортыг нийт экспортын 1/3-д хүргэснээр гадаад валютын илүү тогтвортой эх үүсвэртэй болох боломжтой байна.

4/ Гадаад валютын орох урсгал, түүний дотор гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ДНБ-ий 15-20 хувиас багагүй хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх замаар эдийн засаг дахь гадаад активыг урт хугацааны, тогтвортой эх үүсвэрээр нэмэгдүүлэх нь чухал байна.

5/Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд олон улсын жишиг, сайн туршлагын дагуу активын удирдлагын мэргэшсэн институцийг байгуулж, эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй байна. Энэ нь зээлийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх, эрсдэлийг үр ашигтайгаар удирдах, санхүүгийн салбарт нэмэлт эх үүсвэр бүрдүүлэх боломжийг олгоно.

УИХ-ын дарга, УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монголбанк ирэх 2016 оны инфляцийг 7 хувьд, 2017-2018 онд 5-7 хувийн хязгаарт тогтвортой байлгах зорилт дэвшүүлж байна. Энэхүү зорилт нь УИХ-аас өмнөх жилүүдэд баталсан, одоо хэрэгжүүлж байгаа бодлоготой бүрэн нийцэж байгаа болно.

Дээрх нөхцөл байдал, бодлогын шаардлагад үндэслэн төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн зорилт, агуулгыг “Эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангах, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах” хэмээн томъёолж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, баталж өгөхийг хүсье.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД