“Богд-Ар” хорооллын оршин суугчид хохирч байна гэв

2015 оны 10 сарын 22

Баянгол дүүргийн “Богд-Ар” хорооллын оршин суугчдын эрх ашиг ноцтойгоор хөндөгдөж, хохирч буй талаар өнөөдөр тус хорооллын иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тодруулбал, Хятадын хөрөнгө оруулалттай барилгын компани болох “Богда холдинг” 2000 оны үед тухайн хорооллыг барихад ерөнхий төлөвлөгөөгөөр 1088 айлын орон сууц, 240 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль, ногоон байгууламж, өрхийн эмнэлэг, авто зогсоол бүхий бүрэн цогцолбор барина гэж байсан аж. Гэтэл 2008 онд нэг, хоёрдугаар барилга баригдаж дууссаны дараа цэцэрлэг, сургууль барих ёстой байсан талбай дээр орон сууцны барилга барих гэж байгаа юм байна. Үүнийг тус хорооллын оршин суугчид эсэргүүцэж Шадар сайдад хандана гэдгээ мэдэгдээд байгаа юм. Энэ талаар тус хорооллын оршин суугч Г.Нямдаржаагаас тодрууллаа.

-“Богда холдинг” компанийн хууль бус үйлдлийн талаар Шадар сайдад хандана гэсэн. Үүнээс гадна барилгаа квадрат метрийн алдагдалтай барьдаг талаар мэдээлж байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Анхнаасаа барилгын ерөнхий төлөвлөгөөнд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол барина гэж тусгагдсан байсан. Гэтэл одоо эдгээрийн аль нь ч алга. Эхний орон сууцыг барьж дууссаны дараа дахин 160-170 айлын орон сууц барих гээд шав тавьчихсан байгаа. Дээрээс нь бид гэртээ орох гэж 2-3 байшин тойрч ордог. Мөн “Богда холидинг” компани барилгаа квадрат метрийн алдагдалтай барьдаг юм билээ. Хэмжилт хийж үзэхэд нэг байрнаас л гэхэд 2-3 м.кв дутаж байсан. Тэгээд үүнийг хэлэхэд анх квадрат метрийн зөрүүнд дор хаяж нэг сая төгрөг өгнө гэж хэлж байсан. Тиймээс энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар төлөвлөж байгаа.

-Энэ асуудлаар НИТХ-д хандаж үзсэн үү?

-Үзэлгүй яахав. 4-5 жилийн турш хөөцөлдөж байна. Гэвч үүнийг тоож байгаа хүн алга. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзахаар сүүлийн зургаан сарын турш хөөцөлдлөө. Тэгээд хамгийн сүүлд Шадар сайдад хандахаар төлөвлөөд байна.

-Орон сууцны доор байдаг хятад ресторанаас болж бохирын шугам бөглөрдөг гэж сонссон. Энэ асуудлаар НМХГ-т хандаж үзэв үү?

-“Богд-Ар” хорооллын нэгдүгээр давхаруудад олон хятад ресторан үйл ажиллагаагаа явуулж байна. Анх барихдаа үйлчилгээний чиглэлээр бариагүй учраас зориулалтын бус. Тиймээс хоолных нь тос, тосон бүтээгдэхүүнүүд шугам хоолой болоод бохирын худагийг бөглөдөг. Цаашлаад подваль руугаа хальдаг болохоор НМХГ-т шалгуулах хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу хоёр ч удаа шалгалт хийхэд шалгалтын явцад бохир урссан байдал тогтоогдоогүй гэсэн хариу өгсөн. Дээрээс нь СӨХ ажлаа хийдэггүй. Тус компанийн захирал Х.Идэнбаяр гэх өвөрмонгол залуу 2007 онд гэр бүлийн хамт Монгол Улсын иргэншилтэй болсноосоо хойш ард иргэдийг хохироож байгаа. СӨХ-ийн захирлаар өөрийнхөө дүүг тавьчихаад хууль бусаар мөнгө идээд сууж байдаг. Жишээлбэл, зуны улиралд дулаан үйлчилгээний төлбөр гэж нэг айлаас 5500 төгрөг хураасан. Нийлбэр дүнгээр 41 гаруй сая төгрөг болж байгаа. Дээрээс нь дөрөвдүгээр сараас эхлэн “УДДТАРДА” гэсэн сонин томъёолол биччихээд айл бүрээс зургаан мянган төгрөгийг хурааж эхэлсэн. Бид юун төлбөр юм бэ гэж асуухад насос ажиллуулсны төлбөр гэсэн. Тэгээд биднийг хэрүүл хийгээд эхлэхээр нөгөө мөнгөө 3000 болгож бууруулсан. Ийм цагаандаа гарсан луйврыг хийж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.34.194 Богд-Асар гэж ямар ч мэргэжил мэдлэггүй их том ярьсан иженерүүдтэй ард иргэдийг хохироосон балай хувийн конторыг орон сууц нийтийн аж ахуйд хариуцуулмаар байна.Ард иргэдээс илүү хурааж авсан мөнгийг нь буцааж олгуулмаар байна. М. Энхболд даргын үеийн асуудал явсаар л байна даа.
37.220.133.161 Torguuli tabiad ajiluulah erhiig hasaad uguh hun baidaggui yum baih daa.