Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ

2015 оны 10 сарын 21

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг тодруулга авсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийн хэрэгжих хугацааг бусад хуульд нийцүүлэн ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөхөөр тусгасан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн. Ийнхүү Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх танилцуулгыг нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Дараа нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд байгаагүй юм. Харин хуульд оруулах өөрчлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөж эхлэх зарчмын зөрүүтэй санал гарч, уг асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ингээд байнгын хороо анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх санал дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Харин Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухайд гишүүд харилцан адилгүй байр суурьтай байсан бөгөөд зарчмын зөрүүтэй саналууд гаргаж, гаргасан саналынхаа талаар тодруулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн төсөлд Дэлхийн худалдааны байгууллагын Марракешийн хэлэлцээрт манай улс нэгдэн орсон тул импортын бараанд үндэсний гарал үүсэлтэй ижил бараанд олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөл олгохоор заасан шаардлагыг биелүүлэхээр импортын архи, дарсанд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг эх орны үйлдвэрийн архи, дарстай ижил хувь хэмжээгээр ногдуулах асуудлыг зохицуулахаар тусгажээ.

Ингээд гишүүдийн болон байнгын хорооны гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж дууссаны дараа найруулгын шинжтэй саналаар санал хураав. Ингээд Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД