Сав газрын усны менежментийг хөгжүүлэх шаардлагатай

2015 оны 10 сарын 21

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, “Монголын Усны түншлэл” төрийн бус байгууллага хамтран өнөөдөр “Усны засаглал, институцийг бэхжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд тус хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхийнхээ хүрээнд Байнгын хороо усны салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилтэд дүгнэлт хийж, тулгамдаж буй асуудлуудын талаар салбарын мэргэжилтнүүд, судлаачид, эрдэмтдийн саналыг сонсох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцахаар “Усны засаглал, институцийг бэхжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж” хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа болохыг тэмдэглэн хэллээ. Монгол Улсын Их Хурал усны салбарт эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч, 2010 онд “Ус” үндэсний хөтөлбөр, 2011 Хот суурины усан хангамж, ариутгах татварын ашиглалтын тухай хууль, 2012 онд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг баталсан. Гэсэн ч усны салбарын үйл ажиллагаа суларч, усны менежментэд дорвитой ахиц дэвшил гарахгүй, ус хангамжийн түвшин доогуур, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн асуудал тулгамдан, боловсон хүчин, хүний нөөцийн хомсдол үүсч байгааг тэрээр онцлоод усны засаглал, институцийг зохистой, хүртээмжтэй, үр дүнтэй болгох, сав газрын усны менежментийг хөгжүүлж, усны салбарын удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгоход өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид тодорхой хувь нэмэр оруулна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, “Монголын Усны түншлэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Батцогт тус арга хэмжээний үеэр үг хэлсэн юм. Тэрээр “Монголын Усны түншлэл ТББ 2013 онд байгуулагдаад төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын түншлэлийн хүрээнд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, засаглалыг сайжруулах чиглэлээр олон үйл ажиллагаа явуулж ирсэн. Усны асуудал бүх салбарт хамааралтай байдаг. Монгол Улс Усны яамтай байснаа татан буулгаж агентлаг болгосон. Үүнийгээ Усны Үндэсний хороо болгосон ч одоо бүтцийн өөрчлөлт хийх талаар яригдан, сав газрын захиргаадыг татан буулгах асуудал яригдаж байгаа. Энэ бүхнээс харахад бид хүрсэн түвшнээсээ ухрах хэмжээнд байгаа нь туйлын хариуцлагагүй. Улсын төсөв хүнд нэрийдлээр энэ салбарыг орхиж болохгүй, салбар дунд гээгдээд байгаа байдлыг цэгцэлж, засаглалын асуудлыг тодорхой болгоход анхаарал хандуулах шаардлага бий. Үүнийг шууд ажил хэрэг болгох аргагүй, гэхдээ энэ удаагийн хэлэлцүүлэг тодорхой хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Хэлэлцүүлгээс гарах санал, зөвлөмж, дүгнэлтийг холбогдох байгууллагад хүргүүлэх байх. Улсын Их Хурал ч энэ асуудалд анхаарч ажиллах нь лавтай” гэлээ.

 

 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД