Б.Отгонбаяр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг цаасан дээрх компани болгож болохгүй

2015 оны 10 сарын 21

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Учир нь тус компанийн 206 ажилтныг гүйцэтгэгч компани болох “TT JV KO” компанид шилжүүлэхээр болсон билээ. Ингэснээр тус ажилчдын эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа хэмээн үзэж байгаа аж. Тиймээс энэ сарын 19-нд тус Үйлдвэрчний эвлэлд ирж байсан мэдээлэл, баримтад тулгуурлан ажлын таван өдрийн хугацаатай эсэргүүцлийн суулт зарласан. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн цахилгааны инженер Б.Отгонбаяраас тодрууллаа.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 206 ажилтныг шинэ гүйцэтгэгч компанид шилжүүлэх болсныг эсэргүүцэж суулт зарласан. Тэгвэл ажилтнуудыг шилжүүлэхэд та бүхэнд ямар хохирол учрах вэ?

-Хамгийн гол нь ажилчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Учир нь үндсэн компанид ажиллаж байгаад гэрээт компани руу шилжсэний дараа гэрээний хугацаа дуусахаар бид ажилгүй болно. Хоёрдугаарт, “Эрдэнэст Тавантолгой” гэх Монголын стратегийн маш том орд ямар ч ажилтангүй болж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зүгээр л “цаасан дээрх компани” болж хувирна.

-Шилжлээ гэхэд цалингийн хувьд хэр их ялгаа гарч байгаа вэ?

-Үндсэн цалинг хэвээр хадгална гэж гэрээн дээр заасан юм билээ. Гэвч бид үндсэн цалингаас гадна аюулгүй ажиллагааны нэмэгдэл, төлөвлөгөө биелэлтийн нэмэгдэл зэрэг олон урамшуулал авдаг. Тэр бүгдийг огт тусгаагүй байсан.

Бидний хувьд цалин хэрхэн яаж өөрчлөгдөх нь хамаагүй, зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийг ажилчидгүй болгож, бэлэг тэмдэг төдий болгож болохгүй хэмээн эсэргүүцэж байгаа юм.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилиг Тавантолгойн ордын гүйцэтгэгч компани болох “Макмахон” компани гэрээгээр нүүрс олборлож өгсний төлбөр авч, дээрээс нь ажилчдаа цалинжуулдаг. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүгийн хувьд хүндрэлд орсон гэсэн тайлбарыг өгч байсан?

-Шилжүүлэх гэж байгаа 200 гаруй ажилчдаас болж тус компани ашиггүй ажиллаж байгаа гэж ярих гээд байгаа. Тийм зүйл байхгүй. Бидний үзэж буйгаар зүүн цанхийн гүйцэтгэгч компани байсан “Макмахон” ХХК болон одоогийн “ТТ JV KO” компаниудтай хийсэн гэрээнүүдийг маш муу хийсэн. Тиймээс жижиг гэрээнүүд дээрээ анхаараад, зарим буруу заалтуудыг нь арилгаж чадах юм бол ашигтай ажиллаж чадна. Тэрнээс биш 200-хан ажилчдаас болж ашиггүй ажиллаж, санхүүгийн хямралд ороод байгаа зүйл байхгүй. Угтаа бол дээрх ажилчдын цалин “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн нийт зардлын өчүүхэн бага хувийг эзэлдэг.

-“Макмахон” компанитай хийсэн гэрээ муу байсан учраас экспортоо зогсоож байгаад хэлэлцээ хийсэн ч амжилтгүй болсон. Иймээс гэрээний хариуцлагыг “ТТ JV KO” компанид шилжүүлсэн. Тэгэхээр гэрээг сайжруулах бололцоо байгаагүй учраас “Эрдэнэс Тавантолгой” ХК эцсийн аргаа хэрэглэж байна гэж ойлгож байгаа?

-Энэ бол эцсийн арга биш. Уул уурхайн компанийг хөл дээр нь босгож чаддаг олон гарц бий. Түрээсийн техник авъя гэвэл тендерт өрсөлдөх компани олон байгаа. Хамгийн гол нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хувьчлах явцад гарч болох саад бэрхшээлүүдийг нэг нэгээр нь замаасаа зайлуулж байгаа нэг хэлбэр гэж бодож байна. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.143.98 үйлдвэрчний эвлэлтэй аль ч газрын гаргадаг л үйлдэл бна ЭТТ ингээд сүйрэх юм биш биздээ
112.72.13.120 хэзээ л төрийн компани ашигтай ажиллаж бла. Гайгүй ажиллаж бтл нэг У/Тч очоод бужигнуулаад сэгсрээд хаячихна. Тгд болоогүй баахан хэрэггүй зүйл шахна. Хувьчилсан нь дээр