Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өргөн барилаа

2015 оны 10 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл гурван бүлэг, 11 зүйлтэй бөгөөд батлагдсанаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжирна хэмээн үзжээ. Түүнчлэн төвийг сахиснаар одоо явуулж буй гадаад бодлогод өөрчлөлт орохгүй, харин бусад улстай тэнцвэртэй харилцахад чиглэсэн гадаад бодлогын үндэслэл болох юм. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, бусад хууль тогтоомжтой уялдсан гэдгийг УИХ-ын даргад танилцууллаа.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах шаардлагатай тул холбогдох УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Түүнчлэн Хуурай замын дайны үед төвийг сахисан улс, этгээдийн эрх, үүргийн тухай 1907 оны Гаагийн V конвенц, Тэнгисийн дайны үед төвийг сахисан улсын эрх, үүргийн тухай 1907 оны Гаагийн XIII конвенцид нэгдэн орох шаардлагатай байгаа тул холбогдох асуудлыг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан УИХ-д оруулан шийдвэрлүүлэх шаардлагатай үүсэх юм байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД