Дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2015 оны 10 сарын 20

НҮБ-ын Ерөнхий ассемблейн 2015 оны 69/282 тоот тогтоолоор Дэлхийн статистикийн өдрийг энэ сарын 20-ны өдөр “Сайн тоо мэдээлэл-сайхан амьдралд” (Better data Better lives) уриан дор дэлхий нийтээр тэмдэглэж байна. Дэлхийн статистикийн өдрийг 2010 онд  анх удаа тэмдэглэснээс хойш таван жил тутамд энэ сарын 20-ны  өдөр уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. 

2015 оны “Дэлхийн статистикийн өдөр”-өөр Мянганы хөгжлийн зорилтын дүгнэлт, 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөр, Тоон мэдээллийн хувьсгал, 2020 дэлхийн хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл хөтөлбөр гэх зэрэг албан ёсны статистикийн хувьд чухал жил тохиож байгаа юм.

Статистикийн мэдээлэл нь улс орнуудын хөгжлийн түвшнөөс үл хамааран түүх, соёлын ямар ч нөхцөлд баримт нотолгоонд тулгуурлан бодлого, шийдвэр гаргах үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. НҮБ-ын Ерөнхий ассемблей 69/282 тогтоолыг батлахдаа, үнэн зөв, цаг үеэ олсон статистик тоо, мэдээллийг гаргахад үндэсний статистикийн байгууллагуудын тогтвортой үйл ажиллагаа, чадавхи чухал ач холбогдолтойг дурдсан.

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо энэ өдрийг тэмдэглэх хүрээнд нийт албан хаагчид болон аймаг, нийслэлийн статистикийн салбарынхандаа онлайн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтыг ҮСХ-ны дарга С.Мэндсайхан нээж, ахмад статистикч, Монгол Улсын гавьяат эдийн засагч, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Эдийн засгийн динамикийн хурдны тархалт” сэдвээр илтгэл тавьж, статистикийн салбарын хамт олны сонирхсон асуултанд хариуллаа. Түүнчлэн Нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг “Дэлхийн статистикийн хөгжлийн чиг, хандлага, тогтвортой хөгжлийн зорилтууд” , Мэдээлэл боловсруулалт, технологийн газрын дарга Л.Мягмарсүрэн “Их мэдээлэл, мэдээллийн хувьсгал, нээлттэй мэдээлэл” сэдвээр танилцуулга хийлээ. Хэрэглэгч нарт хандаж, нийслэл, дүүрэг, аймгийн статистикийн хэлтсүүд “Статистикийн мэдээллийн нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж өргөн цар хүрээтэй тэмдэглэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД