П.Батбаяр: Элэгний вирустай 10 хүн тутмын хоёрт нь хатуурал явагдсан байна

2015 оны 10 сарын 20

“Happy Veritas” эмнэлгийн санаачилгаар элэгний вирустай иргэдийг үнэ төлбөргүй элэгний вирусын шинжилгээнд хамруулж, гадаадаас өндөр үнэтэй эмийг хөнгөлөлттэй үнээр худалдаалах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ талаар тус эмнэлгийн Амбулаторын эрхлэгч П.Батбаяраас тодрууллаа.

-“Happy Veritas эмнэлгээс хүмүүнлэгийн сарын аяныг зохион байгуулж байгаа. Энэхүү аяны гол зорилго нь юу вэ?

-Манай байгууллага хэдийгээр хувийн байгууллага боловч нийгмийн хариуцлагаа дагаад иргэдийн тэр бүр хийлгэж чаддаггүй элэгний вирусыг оношлох шинжилгээг үнэ төлбөргүйгээр хийж өгч байна. Ингэхдээ Улаанбаатар хотод оршин суудаг өрх толгойлсон эмэгтэйчүүд болон 1-6 бүлгийн эмзэг давхаргын элэгний В, С вирустай 1000 иргэнд хийхээр болсон. Тус шинжилгээг манай эмнэлэг 70 мянган төгрөгөөр хийдэг байсан бол нэг сарын хугацаанд үнэ төлбөргүй хийж өгч байгаа юм.

-Тус хүмүүнлэгийн аянд ямар байгууллагууд нэгдэж байгаа вэ?

-Үүнийг “Happy Veritas” эмнэлэг санаачлан, НЗДТГ-ын Халамж, үйлчилгээний газар, Монголын элэг судлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа.

-Шинжилгээнд хамрагдсан иргэдэд хөнгөлөлттэй үнээр эм худалдаална гэсэн. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Дэлхийн зах зээл дээр элэгний өвчлөлд гурван сар хэрэглэх эм 94 мянган ам.доллараар худалдаалагддаг бол манайх 1200 ам.доллараар оруулж ирж байгаа. Мөн В вируст хэрэглэдэг эм бусад эмнэлэг, эмийн сангуудаар 90 мянган төгрөгөөр худалдаалагддаг бол манай эмнэлэг 30 мянган төгрөгөөр оруулж ирэх гэж байна. Хамгийн гол нь бид ашиг олохыг зориогүй, харин нийгмийн хариуцлагаа дагаад ард иргэдийгээ элэгний өвчлөлөөр битгий өвчлөөсэй гэсэндээ ийм ажлыг зохион байгуулж байгаа юм.

-Эмийг хэзээнээс худалдаалж эхлэх вэ?

-Арваннэгдүгээр сарын эхээр манай улсад оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа.

-Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн хүн оношлогоонд хамрагдаад байгаа вэ?

-Аравдугаар сарын 01-нээс шинжилгээнд хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 800 орчим хүн хамрагдаад байгаа. Энэ нь өдөрт ойролцоогоор 40 орчим хүн шинжилгээнд хамрагдсан гэсэн үг. Эдгээрийн дунд элэгний С вирусаар өвчилсөн хүн дийлэнхийг нь эзэлж байна. Тэр дундаа элэгний хатууралтай болсон гэдгээ ч мэдээгүй явж байгаа олон хүн ирсэн. Тухайлбал, арван хүн тутмын 2-3-д нь ямар нэгэн байдлаар элэгний хатуурал явагдаад эхэлчихсэн байна. Хатуурал нь гүнзгий шатандаа орсон тохиолдол ч санаанд оромгүй ихээр гарч байна.

-Б вирус хатуурахгүйгээр шууд хавдар болох магадлал маш өндөр байдаг гэсэн?

-Элэгний С вирус бол эмчлэгдэхгүй 10 жил болоход хатуурч, дахин 10 жилийн дараа хавдар болдог. Харин В вирусын хувьд хатуурал түргэн явагдахгүй хэрнээ шууд элэгний хавдар болчихдог тохиолдлууд ч гардаг. Жишээлбэл, 10-15 жилийн дараа В вирустай хүмүүсийн 60-70 хувьд хатуурал явагддаг бол үлдсэн 30-40 хувьд огт шинж тэмдэг илрэхгүй байсаар шууд хавдар болчихдог.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД