“Ворота в Азию-2015” 25 дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2015 оны 10 сарын 20

МҮХАҮТ, ОХУ-ын “Бизнес Контакт” компанитай хамтран энэ сарын 20-22-ны өдрүүдэд олон улсын “Ворота в Азию-2015” үзэсгэлэн, бизнес форумыг 25 дахь удаагаа зохион байгуулж байгаа. Тус үзэсгэлэнгийн нээлтэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Бизнес Контакт” ХХК-ийн захирал Сидоров Александр Алексеевич, Монгол Улсын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.


Уг үзэсгэлэнд ОХУ-ын Москва, Новосибирск, Красноярск, Омск, Эрхүү муж, Ангарск, Братск, Иваново, Алексеевка хотууд, Алтайн Хязгаарын Барнаул, ОХУ-ын БНБуриад улс, Украйн зэрэг 10 гаруй муж, улсын нийт 26 аж ахуйн нэгж өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, Монголын бизнес эрхлэгчидтэй уулзаж, хамтран ажиллахаар ирсэн байна.

Харин үзэсгэлэнд тавигдаж буй бараа бүтээгдэхүүний хувьд цай, чихэр, нарийн боов, хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн, хиам, сүүн бүтээгдэхүүн, трансформаторын засвар, ХАА-н техник тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл зэрэг 20 орчим төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа аж.

Нээлтийн үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хэлэхдээ “Ворота в Азию” хэмээх энэүү үзэсгэлэн маань 25 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийнх хоёр улсын хооронд визгүй зорчдог болсон энэ үед тохиож буйгаараа онцлог юм. Удахгүй Ази-Европыг холбосон “Талын зам” нээгдэж, түүгээр бизнес эрхлэгчид чөлөөтэй зорчдог болно гэдэгт итгэлтэй байна. Харин энэхүү замыг бид өөрсдөө бүтээж, хөгжүүлнэ. Өнөөдөр Монгол, Хятад, Орос гурван улсын бизнесийн салбарт маш том зах зээл нээгдэж байна. Эрт үеэс Монгол Улс, ОХУ-тай олон салбарт амжилттай хамтран ажиллаж ирсэн. ОХУ-ын хамгийн том түнш нь монголчууд. Тиймээс жилээс жилд энэхүү үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байна. Ялангуяа хоёр улс хооронд визгүй зорчих болсонтой холбоотойгоор иргэд хоорондын худалдан авалт ихэссэн нь ажиглагдаж байгаа” гэлээ.

Харин “Бизнес Контакт” ХХК-ийн захирал Сидоров Александр Алексеевич хэлсэн үгэндээ,  зохион байгуулагчийн хувьд “Ворота в Азию-2015” үзэсгэлэнгээс маш сайн үр дүнг хүлээж байгаа гэдгийг онцлоод “Сүүлийн үед хоёр улсын Засгийн газар бизнес эрхлэгчдийн хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн тулд хичээж ажиллаж байгаа. Олон ч үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал, нэгдүгээрт, хоёр талын иргэд хоорондоо визгүй зорчих журам гарч, Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийг байгуулсан. Хоёрдугаарт, Улаанбаатар-Хиагт, Улаанбаатар-Замын-Үүд хүртэлх авто зам нээгдсэн. Өөрөөр хэлбэл, Оросын бизнес эрхлэгчид шууд Хятадын бизнест бараа бүтээгдэхүүнээ экспортлох үүд хаалга нээгдсэн гэж хэлж болно” гэсэн юм.

Мөн нээлтэд Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа гуай оролцсон ба тэрээр “Эдгээр өдрүүдэд Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагааны өдрүүд үргэлжилж байна. Өнөөдрийн үзэсгэлэн бол үүний нэг хэсэг. Энд оролцож буй аж ахуйн нэгжүүд ОХУ-ын муж хязгаараас ирсэн байна. Нэр нь хүртэл бидэнд танил санагдана. Бараа, бүтээгдэхүүний хувьд бага мэт санагдаж болох ч цаашдын хамтын ажиллагааны гүүр болж чадна гэж бодож байна. Мөн бид зөвхөн ОХУ-тай бус БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах гарцыг эрэлхийлж байгаа. 3-4 хоногийн дараа Хятадын Хөх хотод бараа бүтээгдэхүүний томоохон үзэсгэлэнг зохион байгуулна” гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД