Эх, нярайн эндэгдлийг бууруулах шаардлагатай гэв

2015 оны 10 сарын 20

УИХ-ын даргын Ахлах зөвлөх, төслийн үндэсний захирал С.Ламбаа НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Таня Патриотаг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Таня Патриота Монгол Улсын Их Хурал НҮБ-ын Хүн амын сангийн Улс орны хөгжлийг дэмжих тав дахь хөтөлбөрийн хүрээнд хүн амын хөгжлийн асуудлаар хэрэгжүүлж буй төслийг амжилттай хамтран хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтын Эрүүл мэндийн салбарын зургаан зорилтыг амжилттай биелүүлснийг дурдаж тэр дундаа эх, нялхасын эндэгдлийг бууруулахад таны оруулсан хувь нэмэр чухал юм. Өнгөрсөн сард дэлхий нийтээрээ “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийг баталсан. Монгол Улс хүн ам, залуучууд, эмэгтэйчүүдийн бодлогыг тодорхойлох тусдаа яамтай байгаа нь сайшаалтай юм. Тиймээс цаашид хүн амын хөгжлийн бодлогод залуучуудын хөгжлийн бодлого чухал нөлөөтэй байна гэж харж байна. Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтыг өөрийн орны хэв маягт тохируулан төлөвлөхөд НҮБ-ын Хүн амын сангаас туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэдгийг онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа Мянганы хөгжлийн зорилтын эрүүл мэндийн салбарын зорилтуудыг биелүүлэхэд НҮБ-ын Хүн амын сан чухал үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлээд Улсын Их Хурлын дарга УИХ-ын хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөр”-ийг боловсруулж, шалгуур үзүүлэлтийн хамт УИХ-д оруулж батлуулах чиглэлийг Засгийн газарт өгснийг дурдав. Мөн Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтийг хангасан ч эх, нярайн эндэгдэл нь хүн ам багатай манай улсын хувьд үүнээс илүү бууруулах шаардлагатай юм. Тиймээс эрүүл мэндийн салбарын хувьд Мянганы хөгжлийн зорилтын эх, нялхасын эндэгдэл, тав хүртэлх насны хүүхдийн эдэгдэл, ХДХВ, ДОХ болон халдварт өвчнийг бууруулах дөрвөн зорилтыг үргэлжлүүлэх бодлого барьж байна. Үүнтэй холбогдуулан “Эх, хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 23-нд зохион байгуулахаар хамтран ажиллаж байгаад Хүн амын сангийн хамт олонд талархал илэрхийлье гэлээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД