ААН-үүд нийслэлийн албан татварын тухай хуулийг эсэргүүцлээ

2015 оны 10 сарын 19

“Нийслэлийн албан татварын тухай” хуулийг өнгөрсөн зургадугаар сарын 19-ний өдөр баталсан. Харин түүний хувь хэмжээг НИТХ-ын өнгөрсөн сарын 29-ний өдрийн 29/19 тогтоол, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл хүлээн авах журам”-ыг НИТХ-ын 29/30 тогтоолоор тус тус баталсан. Үүний дагуу хуулийн хэрэгжилтийг хангуулах, албан татвар хураахад шаардагдах ажиллах хүчийг бүрдүүлэх зорилгоор Татварын ерөнхий газрын даргын энэ сарын 01-ний өдрийн тушаалаар Улсын төсвийн орлого, хяналтын газар, нийслэл, дүүргийн татварын албадын зарим улсын байцаагчдыг арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал түр хугацаагаар шилжүүлэн ажиллаж байгаа аж.

Мөн түүнчлэн бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи борлуулдаг газрууд, зочид буудал, амралт, баар рестораны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд зориулан сургалтын төлөвлөгөө, хуваарь боловсруулж www.mta.mn, www.nta.mn вэб сайтуудад байрлуулан сурталчилгаа явуулж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд нийт 18 удаагийн сургалтаар 1031 татвар төлөгчийг хамруулсан байна. Гэтэл өнөөдрийн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилсан “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийг сурталчлах уулзалтын үеэр аж ахуйн нэгжийн төлөөллүүдийн дийлэнх нь хангалттай мэдээлэлгүй байсан байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр  нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ресторан, баар, хүнсний дэлгүүрүүдийн захирал, ажилтнуудтай уулзаж Нийслэл хотын албан татварын тухай хуулийн талаар мэдээлэл өгч, санал солилцсон юм. Тус уулзалтад НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,  Нийслэлийн татварын газрын дарга, мэргэжилтнүүд  оролцсон.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүл “Эдийн засгийн хүндрэлийг давах хамгийн гол арга бол хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр хөрөнгийг хүртээмжтэй тэгш хуваарилах боломж бүрдэнэ. Энэ боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэлээс замын компаниудад 30 хувиа бид төлье. Үлдсэн 70 хувиа та бүхэн хариуцаад ажлаа чанартай хийж гүйцэтгэ. Дараа нь нийслэлээс шат дараатайгаар  гарсан зардлыг төлөх гэсэн бодлого баримталж хамтран ажилласан. Энэ бол ажлын байрыг нэмэгдүүлж бизнесийг дэмжих гол арга юм. Нийслэлээс эдийн засгийн уналтын эсрэг бүхий л арга хэмжээг авсан. Татварыг орлогыг нэмэгдүүлэх үүднээс тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл нийслэл эдийн засгийн хориг арга хэмжээг аль болох авахгүй байхыг хичээж байна. Та бүхэн бол татвар суутгагч. Татвар гэдэг хуримтлалын сан гэсэн үг. Энэ санг зөв зарцуулж байж бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэнэ. Нийслэлийн албан татварын хувь хэмжээг 1.0 хувьд хүргэснээр нэг жилд урьдчилсан тооцооллоор 13 тэрбум төгрөгийн хуримтлал бий болох төлөвтэй байна. Харин үүнийг хэрхэн зарцуулж, бизнес эрхлэгчдийг дэмжих хэрэгтэй вэ гэдэг асуудал дээр бизнес эрхлэгчдийн саналыг сонсох гэсэн юм” гэлээ.

Тэгвэл үүний хариуд бизнес эрхлэгчид ийм байр суурьтай байлаа.

-Бидэнд уг журмыг сурталчлах яахав. Хамгийн гол нь иргэд, үйлчлүүлэгчид ойлгохгүй, мэдээлэл муутай байгаагаас үл ойлголцол үүсээд байна. Тиймээс ард түмэнд хуулиа сайн сурталчилж өгөөч гэж хэлмээр байна.

-Нийслэлийн татварыг дэмжиж байна. Гэхдээ иргэдийн худалдан авалтын чадвар муу байгаагаас болж иргэд бараа, бүтээгдэхүүний үнийг нэмсэнд дургүйцэж байна. Энэхүү журмыг батлахын тулд юуны өмнө иргэдээс саналыг нь сонсох хэрэгтэй байсан юм.

-Урьдчилаад иргэдээс судалгаа авч журмаа батлах ёстой байсан. Э.Бат-Үүл даргаа та хөрсөн дээрээ бууж ирэх хэрэгтэй байна. Өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас яриад яах вэ. Тэдгээр улс, Монгол Улсын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий. Миний хувьд энэхүү хуулийг эсэргүүцэж байна. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд НӨАТ, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар гэх мэт хангалттай их татварыг улсад төлдөг. Дээрээс нь бараа, бүтээгдэхүүнээс нэмээд 1.0 хувийн татвар авч байгаа нь бидэнд дарамт үүсгэж байна. Гэр хороололд найман нэрийн жижиг дэлгүүр ажиллуулдаг иргэдэд үнэхээр хэцүү байна. Жуулчин энэ тэр ярих хэрэггүй. Гэр хорооллоор тэд нар чинь үзэгддэггүй юм.

-Нийслэлийн албан татварыг 1.0 хувь болгох журам нь биелэхэд үнэхээр хэцүү. Хэдийгээр УИХ-аар хуулийг нь батлаад өгчихсөн гэж байгаа боловч тэр хуулинд 0-1 хүртэлх хувь байхаар заасан байдаг. Гэтэл журманд хамгийн дээд хэмжээ буюу 1.0 хувиар тогтоочихсон. Ингэж болохгүй. Хуулийг өөрчлөх боломжгүй бол журмыг өөрчилж болно гэж бодож байна. Тиймээс татварыг 0 хувьд хүргэх санал тавьж байна.

-Иргэдээс санал асуулга авах саналыг дэмжиж байна. Архи, тамхи зардаггүй байсан бол зургаан нэрийн дэлгүүрээ ажиллуулж болох байсан. Энэ хоёр бараа бүтээгдэхүүнийг нэмж худалдсанаараа тайлан гаргаж, татвар төлдөг. Үүн дээр нэмээд дарамт үүсгэх хэрэггүй.

-Нийслэл Засаг дарга Э.Бат-Үүл та гэр хорооллын гудамжаар явж, тэнд ажиллаж байгаа дэлгүүрүүдээр орж үзэх хэрэгтэй. Тэнд бэлэн мөнгөтэй хүн ч алга. Ард түмнээс санал авалгүйгээр баталчихаад хүчээр биелүүлэх гэж зүтгэж болохгүй.

Тэгвэл Нийслэл хотын албан татварын тухай хуулиар ирэх сарын 10-ны өдөр хотын татварын эхний төсөв бүрдүүлэлтийг хийх бөгөөд эхний ээлжинд татвар суутгагчдын ихэнх нь татвар ноогдох нэр бүхий бараа болон үйлчилгээнийхээ төлбөрийг нэмэлгүйгээр, орлогосоо татвараа төлнө гэсэн байр суурьтай байна. Хуулиндаа татвар суутгагчдаар дамжуулан, хотын иргэд буюу тусгай хэрэгцээт бараа, үйлчилгээ авсан иргэн хотын татварыг төлөх ёстой. Нийслэлийн Татварын газраас хийсэн тооцооллоор эхний ээлжинд 5245 татвар суутгагч буюу худалдаа эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдээр дамжуулан хотын татварыг авна. Ингэснээр жилд ойролцоогоор 13 тэрбум төгрөгийн хуримтлал үүсэх аж. Энэхүү хуримтлалыг эргүүлээд бизнес эрхлэгчид болоод нийслэлийн тохижилтод зарцуулах юм байна.

Энэ талаар Нийслэлийн татварын газрын дарга Б.Ганболдоос тодруулахад “Өнгөрсөн сард бид татвар суутгагчдын тооллогыг явуулсан. Үүний явцад татвар суутгагч нарт хуулийн тухай танилцуулга материал, программд хэрхэн яаж уялдах тухай гарын авлагыг өгсөн. Дараа нь нийслэлийн хэмжээнд сурталчилгааны ажлыг явуулж эхэлсэн. Ирэх сараас эхлэн татварын эхний төсвийн бүрдүүлэлтийг хийнэ. Журам батлагдангуут тусгай бараа бүтээгдэхүүнд 1.0 хувийн татвар суутгаад эхэлчихсэн аж ахуйн нэгжүүд олон байна. Хамгийн гол нь татвараар төвлөрсөн хуримтлалыг юунд зарцуулах вэ гэдгийг ойлгуулах нь чухал. Харин иргэдэд 1.0 хувийн татварыг суутгасан гэх баримтыг олгох ёстой. Ингэхийн тулд тусгай программ хэрэгтэй. Иймээс худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд дээрх тусгай программыг тооцооны системдээ суулгаж ашиглах шаардлагатай юм. Гэхдээ заавал кассын машин хэрэглэх ёстой гэсэн үг биш. Учир нь тухайн татварын ноогдол бичигдэх программ нь интернэттэй орчинд гар утас, мини компьютер, суурин компьютер зэргийг ашиглан хэрэглэх боломжтой. Одоогийн байдлаар 1700 орчим цэг кассын машинтай болсон байна” гэсэн юм.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД