“Экологбус” компанийн автобуснууд шаардлага хангахгүй байна

2015 оны 10 сарын 19

“Улаанбаатар автобус нэгтгэл”-ээс өнөөдөр “Экологбус” компанийг хууль бус үйл ажиллагаа явуулан, өндөр үнэтэй автобуснуудыг шахаж байгаа учир АТГ-д шалгуулна гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал, өнгөрсөн жил Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн “Парк шинэчлэлт хийх тухай” А/670 дугаар захирамжийн дагуу нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулан угсраа автобус 40 хүртэл, их багтаамжийн автобус 120 хүртэл, дунд багтаамжийн автобус 40 хүртэл ширхэгийг урьдчилгаа төлбөр төлөх нөхцөлтэйгээр худалдан авахаар болсон. Үүний дагуу тендер зарлаж “Экологбус” ХХК шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар материалыг нь буцаасан ч тус компани Нийслэлийн тээврийн газартай их багтаамжийн автобус нийлүүлэх гэрээ байгуулан тендергүйгээр өөрсдийн угсарсан автобусаа шахах гэж байсан нь илэрсэн аж.

Тус компанийн угсарсан эко автобус нь олон улсын стандартаар баталгаажаагүй хэрнээ туршилт ч хийлгүйгээр шууд нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах нь эрсдэлтэйгээс гадна зах зээлийн ханшнаас хоёр дахин илүү үнэтэй байгаа нь тогтоогдсон байна. Тиймээс “Улаанбаатар автобус нэгтгэл”-ээс  хууль бус үйлдлийнх нь баримтыг АТГ-т өгч шалгуулах хүсэлтээ гаргах гэж байгаа юм байна. Энэ талаар “Улаанбаатар автобус нэгтгэл”-ийн Ашиглалтын албаны дарга Э.Бат-Оргилоос тодрууллаа.

-“Экологбус” ХХК-ийн зүгээс автобуснуудаа чанарын шаардлага хангасан, байгаль орчинд ээлтэй эко гэх мэт олон стандартыг нэрлэж байсан. Тэгвэл танайхаас яагаад дээрх стандартуудыг зүй бус хэмээн үзэж байгаа юм бэ?

-Албан ёсоор стандартад нийцсэн гэх баримт нотолгоог гаргаж ирээгүй. Бидэнд огт үзүүлж байгаагүй. Хамгийн гол нь бид иргэдийг аюулгүй тээвэрлэж явах үүрэгтэй. Олон улсын жишигт нийтийн тээврийн үйлчилгээний ч тэр аливаа тээврийн хэрэгслийг худалдаанд гаргахаасаа өмнө стандартын шаардлага хангаж байгаа эсэх, аюулгүй ажиллагааны туршилтыг давсан эсэхийг баталгаажуулдаг. Осол гарлаа гэхэд аюулгүй ажиллагааны систем хэрхэн ажиллах, гэмтэл бэртлийг хэдэн хувь бууруулах зэргийг нарийн заасан байдаг. Тэгвэл “Экологбус” ХХК-ийн автобуснууд ийм шалгуураар ороогүй болохоор ямар ч баталгаа байхгүй. Тодруулбал, дэлхийн жишигт нийцсэн, олон улсад нийлүүлдэг том оврын автобуснуудыг хямд үнээр оруулж ирэх боломж байхад тендерт оролцоогүй байж өндөр үнэтэй автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах гэж байгаа нь өөрөө хардлага төрүүлж байгаа юм.

-Тэгвэл та бүхэн ямар шаардлага тавьж байна вэ?

-Монгол инженерийн ухаанаар бүтсэн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахад тохиромжтой автобусыг нийлүүлэх гэж байгаа бол бидэнд татгалзах зүйл алга. Гэтэл чанарын шаардлага хангасан гэх ямар ч дүгнэлтгүй, туршилтад ороогүй автобусыг шууд үйлчилгээнд гаргаж эрсдэл дагуулж болохгүй.

-“Экологбус” компанийг АТГ-т шалгуулна гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Тендерт ороогүй хэрнээ шууд Нийтийн тээврийн газартай гэрээ хийчихсэн байсан. Анхнаасаа “Экологбус” компанийн автобусыг үйлчилгээнд гаргах байсан юм бол тендер зарлах ёсгүй байсан.

-Нэг автобус ойролцоогоор хэчнээн төгрөгөөр угсрагдаж байгаа юм бэ?

-Энд угсарсан автобусаа анх 160 мянган ам.доллар хэмээн үнэлсэн. Харин Нийслэлийн тээврийн газартай таван тэрбум 335 сая 500 мянган төгрөгийн гэрээг хийсэн байсан. Ингээд бодохоор нэг автобус 135 мянган ам.доллараар үнэтэй байгаа юм. Гэтэл дэлхийн жишигт нийцсэн БНХАУ, Солонгосын шинэ автобусны зах зээлийн ханш нь 50-80 мянган ам.долларын үнэтэй байгаа юм. Тэгээд Солонгосын Хьюндэй компани монголын нөхцөлд тохируулан нэмэлт тоноглол бүхий автобусыг дээрх ханшаар нийлүүлэхээ мэдэгдсэн.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.230.221 Бат Үүл зайлаасай энэ их авлига хээл хахуулийн цаана энэ хүн баяжаад бүр гэр бүлээрээ тэрбумтнууд боллоо. Ардчилал гэж ярьсаар л байгаад идэж уусаар байгаал дээр нь бүр гомдоод
27.123.214.110 Архи ууж явсан дорвол болсон ч болоогүй ч завгүй юм хийж бүтээж явах нь чухал. Автус гэж хэдэн 50мм-ийн дөрвөлжин хоолойнууд бдаг. Цагтаа чиргүүл, тэвшээ үйлдвэрлэдэг улс бсиим шүү
172.56.21.61 Нарийндаа бол та бидний төлөө санаа зовоод байгаа биш,БНХАУ,БНСУ ын автобус үйлдвэрлэгч компанийн лобби яваад байгаа юм биш үү?