Суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэв

2015 оны 10 сарын 10

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Тэрээр энэ үеэр "Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд анх зарлиг гаргаж нийт ард иргэд, айл өрх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг мод, бут, сөөг тарих, түүнийгээ арчлан хамгаалах, амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн ажиллах талаар уриалга гаргаснаар энэ жил 12 дахь арга хэмжээ тохиож байна. Улсын Их Хурлын гишүүдээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Шинэ төгөл” байгуулах ажлыг санаачлан эхлүүлсэн. Цаашид энэ төгөлийг өргөжүүлэн хөгжүүлэх, тарьсан модыг ургуулан арчилж, хамгаалахад анхаарах нь зүйтэй юм. "Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн энэ жилийн арга хэмжээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” болгон улс орон даяар өрнүүлж, дөрвөн зорилт тавин ажилласан. Иргэд хашаандаа, байгууллага орчин тойрондоо, сум, хороо бичил цэцэрлэг байгуулах, нэрэмжит ойтой болох чиглэлээр ажиллаж, нийт улсын хэмжээнд 1.5 сая орчим мод тариад байна. Өнөөдөр хот суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дэлхийн дундаж 12м2 байхад та бидний оршин сууж байгаа нийслэл Улаанбаатар хотод энэ хэмжээ 2.6м2 буюу дэлхийн дунджаас 4.6 дахин бага байна. Ард иргэдийн ая таатай амьдрах нөхцөлийг хангахын тулд хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд энэ ажилд та бидний идэвх санаачилга, оролцоо хамгийн чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр Байгаль орчин хамгаалах чиглэлийн олон Төрийн бус байгууллага байдаг. Энэ байгууллагууд ярихаасаа илүүтэйгээр ихийг хийж, Мод тарих үндэсний өдрүүдээр олон нийтийг уриалж мод тарих ажилд идэвхтэй оролцуулах хэрэгтэй байна" гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД